Нүүр хуудасМэдээБ.Болор-Эрдэнэ: 21 аймгийн орон нутгийн үйлчилгээг цахимжуулна

Б.Болор-Эрдэнэ: 21 аймгийн орон нутгийн үйлчилгээг цахимжуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрээр “Зургаадугаар сарын 10-аас өмнө 21 аймгийн орон нутгийн үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Улсын түвшинд үзүүлдэг 660 үйлчилгээ цахимжсан байна. Бид иргэдээс хамгийн их гомдол ирж байгаа үйлчилгээнүүдийг эхлээд цахимжуулдаг. Тавдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг олгогдож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 80100 иргэн тоон гарын үсэг авсан байна. Тоон гарын үсэг авснаар иргэд гэрээ хэлцэл, банкны зээлийн үйлчилгээг тоон гарын үсэг ашиглан биеэр очихгүйгээр авах боломжтой болж байна. Мөн цахим орчинд өөрийгөө таних, баталгаажуулах боломжтой болж байна. Өмнө нь хурууны хээгээр үйлчилгээ авдаг байсан бол одоо хурууны хээгээр биш тоон гарын үсгээр бүх төрлийн үйлчилгээгээ аваад зогсохгүй хамгийн гол нь гэрээ хэлцэл хийх боломжтой болсон. Долоодугаар сарын 1-ээс эхлээд тоон гарын үсэг авах болгонд тухайн иргэний үндэсний цахим шуудан нээгдэнэ. Үндэсний цахим шууданд орсноор иргэд төрийн байгууллагатай шууд харьцах боломж үүсэж байгаа юм. Иргэний хувьд заавал өргөдөл бичдэг, эсвэл биеэр очдог, 1111 төв рүү утасддаг байсан бол одоо цахим хаягаараа төрийн байгууллагуудтай харьцах боломжтой болох юм. Манай улсын кибер аюулгүй байдлын түвшин маш эмзэг байгаа. 2021 оны 12 дугаар сард түүхэндээ анх удаа кибер аюулгүй байдлын хууль баталсан. Энэ хууль гарч байж кибер аюулгүй байдлын тогтолцоо үүсэх нөхцөл бүрдэж байна. Кибер аюулгүй байдал гэдэг бол нэг систем гаргаад эсвэл нэг хууль батлаад, нэг байгууллага хариуцаад үүсдэг зүйл биш. Энэ бол соёл боловсролын асуудал. Иргэд нэг нууц үгийг бүх платформ дээр ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсрол байхгүй байгаагийн шинж. Хууль хэрэгжиж эхэлснээр Хууль зүйн яамтай хамтарсан ажлын хэсэг гаргаад хамгийн түрүүнд иргэний хурууны хээ авсан супермаркет, гоо сайхны салоны бүртгэлийг устгах ажлыг зохион байгуулж байна” гэж мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН