-11.9 C
Ulaanbaatar
Дав, 18 10 сар 2021 08:20:19
Нүүр хуудасМэдээЗ.Энхболд: Монгол, Энэтхэгийн харилцаа эдийн засгийн агуулгаараа улам баяжлаа

З.Энхболд: Монгол, Энэтхэгийн харилцаа эдийн засгийн агуулгаараа улам баяжлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 19-23-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-д айлчилсан. Тэрбээр айлчлалынхаа сүүлийн өдөр БНЭУ-ын Сансар судалгааны төв болон сэргээгдэх эрчим хүч, аутсорсингийн тэргүүлэх компаниудаар зочилсон юм. Энэ үеэр түүний айлчлалын үр дүнгээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулав.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНЭУ-д хийсэн айлчлалын хамгийн гол үр дүнгээс хуваалцахгүй юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНЭУ-д хийсэн айлчлалаар тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой хоёр орны Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргасан. Түүнд энэхүү айлчлалын гол үр дүн бий. Дээрх мэдэгдлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бангалорт зочилж, Энэтхэгийн Сансар судалгааны төв, сэргээгдэх эрчим хүчний “Тата пауэр Солар” компани болон дэлхийн аутсорсингийн хамгийн том “Инфосис” компанитай танилцаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэ удаагийн айлчлалаар шашин соёлын олон мянган жилийн хэлхээтэй Монгол, Энэтхэгийн харилцаа эдийн засгийн агуулгаараа улам баяжиж, бодит үр дүн гарч байна. Тухайлбал, 10 жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНЭУ-д айлчилсан. Тухайн үед анх аутсорсинг /програм хангамжийн эх код бэлтгэн нийлүүлэх/-ийн төв байгуулахаар хоёр тал ярилцаж байсан. Яг 10 жилийн дараа энэ нь бодит ажил болж хэрэгжихээр 20 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулаад байна. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзахдаа ярилцсан гол сэдэв нь Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэрийг цаг хугацаанд нь барьж, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх байсан. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудлаар хоёр тал ярилцаж, энэ төсөлд нэмж 236 сая ам.доллар олгохоор болсон. Газрын тос боловсруулах үйлдвэрийг тус улсын өмнө нь олгохоор тохирсон зээлтэй нийлээд нэг тэрбум 236 сая ам.доллароор барьж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр нь хоёр орны найрсаг харилцааг илтгэх хамгийн том төсөл юм. Айлчлалын үр дүнд Монгол Улс шатахууны салбараа дотоодын эх үүсвэрт шилжүүлэх боломж нэмэгдэж байна.

-Аутсорсингийн төв байгуулах асуудлаар хоёр талын төсөл хэрэгжээд, барилгын шав тавьсан. Айлчлалын хүрээнд авахаар болсон 20 сая ам.долларыг юунд зарцуулах вэ?

-Аутсорсингийн төв байгуулах асуудлыг 10 жилийн өмнө ярьж одоо бодит ажил болохоор 20 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгууллаа. Бид 10 сая ам.доллароор нь Аутсорсингийн мэргэжилтэн бэлтгэх сургууль байгуулна. Харин 10 сая ам.доллароор нь энэ сургуулийг менежментийн баг удирдах юм. Энэ баг Монгол Улсын 10 мянган залууг аутсорсингийн мэргэжлээр сургаж бэлтгэх бөгөөд сургуулийн барилгыг энэ жил эхлэхээр төлөвлөөд байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын сэргээгдэх эрчим хүчний компаниар зочилсон?

-Айлчлалын хүрээнд, Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах санаачилгыг Энэтхэгийн сэргээгдэх эрчим хүчний “Тата пауэр Солар” компанид зочлох үеэрээ танилцуулсан. Энэ компани нь Энэтхэг улсаа эрчим хүчээр хангаад, бусад улсад экспортлож байна. Тус компани БНХАУ-ын нарны панелтай харьцуулахад үнээрээ өрсөлдөж чадахгүй ч улс орнууд чанартай хэмээн үнэлж байгаа талаар бидэнд танилцуулсан. Ингээд Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах санаачилгыг бүх талаар нь дэмжиж оролцохоо илэрхийлээд байна.

Эх сурвалж: Монцамэ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН