Нүүр хуудасМэдээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төрийн албан хаагчид зөвхөн хуульд захирагдаж ажиллах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төрийн албан хаагчид зөвхөн хуульд захирагдаж ажиллах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймгийн бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, агентлагуудын дарга болон төрийн албан хаагчидтай уулзлаа.

Тэрбээр улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, ялангуяа ирээдүйн хөгжлийг тодорхойлох 10 зорилтын талаар товч мэдээлэл өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн албан хаагчид ёс зүйг эрхэмлэдэг, өндөр ёс суртахуунтай, шударга, хариуцлагатай байх ёстой гэж үздэгээ хэллээ. Цаашид:

  • Хуулийг чанд мөрдөж ажиллах
  • Төрийн бодлого, шийдвэрийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх
  • Авлига, хүнд суртлаас ангид байж, сэтгэл гаргаж ажиллах
  • Хариуцсан ажилдаа эзэн байх
  • Иргэдэд нээлттэй байж, үнэн зөв мэдээллээр хангах
  • Улс төржихгүй байх
  • Хорт зуршлаас ангид байж иргэдээ үлгэрлэх
  • Иргэдийг алагчилдаггүй, ижил тэгш, хүндэтгэлтэй хандаж байхыг захилаа.

Мөн ажил ацагладаг, хийдүүлдэг, эрх мэдэл, албан тушаалаа хувийн ашиг сонирхлоор ашигладаг, хууль бус үйлдэл хийдэг хэнд ч төрийн албанд орон зай байх учиргүй гэж үздэгээ хэлэв.

Ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ дотоодоос хангах, 2030 он хүртэл тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах, архидалттай тэмцэх зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын оролцоо, манлайлал чухал гэдгийг тэмдэглэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН