Нүүр хуудасМэдээНоос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 200.0 тэрбум төгрөгийн 1 жилийн хугацаатай,...

Ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 200.0 тэрбум төгрөгийн 1 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээл олгож байна

“Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уншиж, танилцууллаа.

Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээс Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны “Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2021 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуултын хариуг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, тодорхой арга хэмжээ авах хүсэлтийг шийдвэрийн төслийн хамт ирүүлснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 23 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд ноос, ноолуурын салбарт нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан гэдгийг дурдав.

Энэ хүрээнд ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай нэмэгдүүлэн, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, 2023 оноос хялгас ялгаснаас дээш боловсруулалт хийгдэж чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг экспортлох, үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталж мөрдүүлэх, мөн хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх зориулалттай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортын нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг даалгасан.

Түүнчлэн хялгасыг ялгасан ноос, ноолуур, хөөвөр болон ээрмэл утас, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бага хүүтэй, урт хугацаат, хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг олгоход шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх, малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, боловсруулах үйлдвэрт тушаасан сарлагийн хөөвөр, торомны ноосны чанараас хамааруулан мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх болон байгаль орчинд ээлтэй, тогтвортой бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор бүтээгдэхүүнийг баталгаажуулах хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторийн хүрээг өргөтгөн олон улсын түвшинд хүргэх зэрэг асуудлыг тусгасан байгаа гэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Тогтохсүрэн, Д.Ганбат, Н.Энхболд нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдээс ноолуурын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, 2023 оноос самнаж боловсруулсан ноолуурыг экспортоор гаргахад тус салбарт шаардлагатай эргэлтийн болон үндсэн хөрөнгийн санхүүжилтийн дэмжлэгийн талаар тодрууллаа. Мөн сарлагийн хөөвөр, торомны ноос бэлтгэхэд урамшуулал олгох, ноос, ноолуурын эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс татвар, зээл, санхүүгийн бодлогоор дэмжих эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх хэрэгтэйг хэлж байв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хариултдаа, “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолд ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 200.0 тэрбум төгрөгийн 1 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн.

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор арилжааны зургаан банктай гэрээ байгуулан хамтран ажилласнаар ноолуурын салбарт 38 аж ахуйн нэгжид 94.8 тэрбум, ноосны салбарт дөрвөн аж ахуйн нэгжид 3.2 тэрбум төгрөгийн зээл олгогдож, зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 7.65 хувиар тооцон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас 2021 онд 3.2 тэрбум, 2022 оны эхний 3 сарын байдлаар 1.6 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлээд байна.

Мөн Засгийн газраас 2022 онд ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөг, ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум, арьс шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, улсын төсвөөс 10.65 хувийн хүүгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам болон Монгол банкны хооронд 3 талт “Хөдөө аж ахуйн зээлийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээ”, арилжааны 8 банктай “Зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээ”-г тус тус байгуулан аж ахуйн нэгжүүдэд зээл олгох ажлыг эхлүүлээд байна” гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Ганбат нар ноолуурын үнийг тогтворжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэйг сануулахыг зэрэгцээ ноос, арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих цогц бодлого хэрэгтэй байгааг хэллээ. 

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсанаар малчдыг орлогыг бодитоор нэмэгдүүлэх, ноолуурыг үнийг тогтворжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортод чухал ач холбогдолтой. Одоогийн байдлаар жилд 10 мянган тонн орчим ноолуурыг экспортод гаргаж байна. Энэ тогтоолын хүрээнд зөвхөн самнасан ноолуурыг экспортод гаргаж, дотооддоо нэмүү өртөг шингээхийг зорьж байна. Ингэснээр 500 сая ам.долларын хэмжээний өртгийг экспортоос олох боломжтой болно. Түүнчлэн мэргэжлийн холбоод, салбарын яамтай хамтран 2025 оноос хойш самнасан ноолуурын 50 хувийг дотооддоо үйлдвэрлээд бэлэн бүтээгдэхүүн болгож гаргахаар төлөвлөсөн. Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортод гаргавал нийт дүнгээрээ 1.2 тэрбум ам.долларын орлого олох бололцоотой. Нөгөө талаар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

“Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 55 хувь нь дэмжлээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН