Нүүр хуудасМэдээОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “БРИГАДЫН ГЕНЕРАЛ” цол хүртлээ

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “БРИГАДЫН ГЕНЕРАЛ” цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол хүртээлээ

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд болж, цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга гардуулав.

“ХОШУУЧ ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:
  • Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Гомбожавын Ариунбуян,
  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Бужийновын Амгаланбаатар,
  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, Бригадын генерал Очирын Энхбаяр.
“БРИГАДЫН ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:
  • Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Дагвадоржийн Ганхуяг,
  • ЗХЖШ-ын Нэгдүгээр орлогч дарга, хурандаа Цэвэлмаагийн Жавхланбаатар,
  • Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Сийлээгийн Ганбат,
  • Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга, хурандаа Дашдондогийн Ганбаатар,
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Батмөнхийн Ууганбаяр,
  • ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга, хурандаа Маждаагийн Мөнхбаяр,
  • Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, хурандаа Балжидын Баатар,
  • Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Дашцэдэнгийн Баасандамба,
  • ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Дамдинсүрэнгийн Дамдинцэрэн нарт тус тус хүртээв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ ХҮРТЭЭСНИЙХЭЭ ДАРАА:

“Эрхэм генералууд аа, цол хүртэгсэд ээ,

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар цэргийн дээд цол хүртээх зарлиг гаргаж, өнөөдөр батлан хамгаалах, хил хамгаалах, зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад хуулийн дагуу генерал цол олголоо. Монгол Улсад 1944 оноос генерал цолыг олгодог болсон уламжлалтай.

Төрийн тусгай албад бол нийгмийн амар амгалан байдлыг сахин хамгаалах, эрсдэлт нөхцөлд тушаалаар үүрэг гүйцэтгэдэг онцгой үүрэг, хариуцлагатай салбар. Эдгээр салбарыг удирдаж, албаны үүрэг даалгаврыг чанд биелүүлж, улс төржилтөөс ангид байж, нийгэмдээ, ард иргэддээ үйлчлэх тангаргаа хэлбэрэлтгүй сахин биелүүлж байдагт тань ард олныхоо өмнөөс талархал илэрхийлье.

Та бүхэн төрийн тусгай албанд олон жил үр бүтээлтэй ажилласан, цолныхоо шаардлагад тэнцсэн хүмүүс. Генерал цол бол нэн хүндтэй цол, бас үүрэг хариуцлага юм шүү. Цолыг дагаж ирж байгаа хүндэтгэл, итгэлийг дааж цолондоо тэнцэхүйц ёс зүй, хичээл зүтгэлтэй ажиллах даалгавар мөрөн дээр чинь мөрдөсний хамтаар бууж байгааг цаг үргэлж санаж яваарай хэмээн захья.

Та бүхэнд амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс өнөд оршиж, монгол цэргийн сүр хүч, яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай” гэлээ.

Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бригадын генерал” цол хүртсэн ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэнгийн аав Дамдинсүрэн нь ЗХЖШ-ын анхны дарга бөгөөд генерал цолтон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН