Нүүр хуудасМэдээС.Баярцогт: Оюутолгойн гэрээ сайн гэрээ болсон

С.Баярцогт: Оюутолгойн гэрээ сайн гэрээ болсон

Ардчилсан намаас өчигдөр Оюутолгойн гэрээ байгуулсан асуудлын хүрээнд С.Баяр, С.Баярцогт нартай холбогдуулан холбогдох шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Мөн шаардлага хүргүүлэхээс гадна С.Баярцогтыг намын гишүүнчлэлээс хасах шийдвэрт хүрсэн талаараа мэдээлсэн билээ. Харин УИХ-ын гишүүн асан С.Баярцогт тайлбар хийлээ.

С.Баярцогт: Миний бие АНУ-д оюутан болсон. Ийм хэрэг гарсан учраас хэргийн учир шалтгааныг олохоор Монголд байгаа. Оюутолгойн төсөл 70-100 жилийн настай том төсөл. Энэ төслийг хийсэн хүмүүсийг шалгах хэрэгтэй, гэрээ хийсэн хүмүүс авлига хээл хахууль авсан гэх яриа олон жил яригдлаа. Би нэг зүйлд баяртай байна. МУ-ын АТГ, Швейцарын холбооны улсын Ерөнхий Прокурорын газартай хамтран надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тиймээс хэргийн үнэн мөнөөр нэг талд гарган шийдэж хүмүүсийн эргэлзээг тайлах боломж байна гэдэгт итгэж байна.  Оюутолгойн гэрээ хэрэгжээд 9 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Оюутолгойн гэрээг хийсэн хүний хувьд мэдээж хардаж сэрдэх, 70 жилийн турш хэрэгжих төслийн хувьд хамтрагчтайгаа үл ойлголцох, Монголын гаралтай бараа материалыг нийлүүлэх, татварын асуудал гэх мэт олон асуудал яригдана. Төгс төгөлдөр гэрээ гэж хаана ч байхгүй. Энэ гэрээ сайн болсон. Гэрээ хэлэлцээрийг удирдсан хүний хувьд гэрээг сайжруулах хэлэлцээрийг хийсээр байгаа.  2011 онд хувь нийлүүлэгчдийн  гэрээнд өөрчлөлт хийсэн. Би гэрээг удирдсан хүний хувьд 2009 онд Монголын хүртэх хувийг 3 тэрбум ам.доллараар сайжруулсан. 2011 онд хийсэн гэрээгээр тэрбум ам.доллараар сайжруулсан. Энэ өөрчлөлтөд 7 жил тутам хөрөнгө оруулагчдын хүүгийн хэмжээг харилцан ашигтай байх өөрчлөлтийг оруулсан. Дахин хүүг бууруулах зохистой төвшинд байлгах асуудал яригдаж байгаа.

Энэ гэрээг анх хийсэн хүмүүс чин шударгаар хийсэн эсэх Монголд ашигтай эсэх асуудал энэ шалгалтын үр дүнд тодорхой болно.

Би олон жил Монголын улс төрд өндөр албан тушаал хашсан хүн. Гэр бүлээ болон өөрийгөө аваад явах оюун ухаан болон бизнесын чадвартай хүн.  Хувь хүнд их хэмжээний мөнгө хэрэггүй.

Хүн бүр хардах эрхтэй гэсэн нэрийн дор улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах, Монгол улсын эдийн засаг, аюулгүй байдлын тулгуур болсон энэ төслийн нэр хүндийг гутаах зогсоох, оролцогч талыг өөрчлөх гэсэн санаархал гадны улс орнууд, компаниудад үргэлж байдаг.

Ройтер бол нэр хүндтэй агентлаг. Би тэр мэдээг уншсан. Маш их субьектив мэдээлэлтэй байсан. Тэнд бичигдсэн хоёр тоо үнэн байна. Би энэ зүйлийг ялгаж, салгаж ярих хэрэгтэй байна.  2006 онд намайг таягтай явж байхыг олон хүн харсан байх. Би хөлөө хугалаад, 6 сар орчим хэвтэрт байсан. 2007 он хүртэл би тэгж явсан.

1996 онд би Германд сургууль төгсөөд ирэхдээ 20,000 дойч маркийн төсөлтэй ирж байсан анхны Монгол оюутан. Дараа нь 2001 онд би Колумбийн их сургуульд сурахдаа 70,000 гаруй долларын тэтгэлэг авсан.  Ингээд өөрийн хийж байсан бизнесээ найзуудтайгаа нийлээд, дээрээс нь Монголын нэртэй бизнесмэнээс зээл аваад 8.2 сая еврог Швейцарт 5 сард нээлгэсэн байсан дансандаа хийлгэсэн.  Тэрний нэг данс нь офшортой холбоотой данс. Харамсалтай нь 2008 онд хямрал болсон учраас зээл өгсөн бизнесмэн зээлээ бүгдийг эргүүлж авсан. Үлдэгдэл мөнгө нь 2013 онд компани хаагдах үед бүгд дууссан. Одоо надад Швейцарт ямар нэгэн данс байхгүй ээ.

Тэр царцаагдсан гэж буй данс бол харамсалтай нь, 10 жилийн өмнө надад тус болж өөрийнхөө данснаас миний мөнгийг шилжүүлж өгч байсан Монгол бизнесмэний дансыг царцаасан байна. Тийм учраас одоо үүссэн байгаа энэ хэргийг эцэслэсний дараа тэр хүний мөнгийг гаргаж өгөх байх. Ийм л зүйл болсон.

Тэгэхээр Оюутолгойн гэрээнээс жилийн өмнө хувь хүнийхээ зүгээс хийгдсэн ажлыг Оюутолгойтой шууд уялдуулсан. Ийм мэдээлэл болсоноороо Ройтерийн мэдээ маш учир дутагдалтай. Тэр мэдээ гарсны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Рио Тинтойгийн хувьцааны үнэ унасан. Энэ хэний ашиг сонирхол вэ? Энэ бүгдийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.  Ардчилсан намын гаргасан шийдвэрийн тухайд – Надаас хэн ч юу ч асуугаагүй. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Манай намын удирдлагууд ийм дуулиан шуугианыг далимдуулан маш богино хугацаанд намаас хөөж байна.

Оюутолгойн гэрээ үнэхээр зөв, ямар ч авлигагүй сайн гэрээ болсон гэдгийг харуулна. Үүнийг би харуулахгүй. Монгол, Швейцарийн хамтарсан шалгалтын баг харуулна.

Би хууль хүчний байгууллагад хүндэтгэлтэй ханддаг. Ардчилсан нийгэмд алдаж оноод, хөгжиж дэвшээд явж байна. Гэхдээ бид үндсэн суурь зарчмаа хамгаалах ёстой. гэсэн мэдээллийг өгсөн юм.

Сэтгүүлчид түүнээс өөрийнх нь дансруу мөнгө шилжүүлсэн бизнесмэний талаар асуухад “Мөрдөн байцаалтын нууц учраас одоо хариулахгүй. Бүх хэрэг тодорхой болсоны дараа мэдээлэл өгөх болно гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН