Нүүр хуудасМэдээТуул голын эрэг дагуух бүтээн байгуулалт хийгдэж байна

Туул голын эрэг дагуух бүтээн байгуулалт хийгдэж байна

Нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богд уул болон Туул гол дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг сайжруулахаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр чиглэл болгосон. 

Хотын дарга холбогдох албаны хүмүүсийн хамт Богд уул, Туул голын эрэг орчмоор хийгдэх тохижилтын ажилтай танилцлаа.

Тухайлбал, Сонсголонгийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух 27 км газарт нийт 15 байршилд тохижилт хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ зуны цагт хамгийн их устай үед голын эргийн аюулгүй байдлыг хангасан байршлуудыг сонгосон байна. 

Хот байгуулалт, хөгжлийн газраас “15 байршлаас 11-ийнх нь тохижилтын ажлын даалгавар батлагдсан. Мөн таван байршилд загвар зураг нь батлагдаж, нэг байршилд тохижилтын ажлыг хийсэн. Богд уулын арын зам буюу Дүнжингаравын зам дагуу 17.8 км дугуйн замын тохижилт хийж байгаа”-г танилцууллаа. Туул голын эрэг дагуух бүтээн байгуулалтын тохижилтыг ихэвчлэн сагс, хөл бөмбөгийн талбай, тоглоомын талбай, машины зогсоол, дугуйн болон явган хүний замтай байхаар төлөвлөжээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Байгаль орчныг бохирдуулсан, газрын төлбөр төлөөгүй, их хэмжээний газрыг хөрсний доройтол, байгаль орчны бохирдолд оруулсан гэдэг үндэслэлийг хууль зүйн талаас нь гаргаж, “Энигма” компанийг шүүхэд өгнө. Төр юмаа мэддэг байх ёстой. Дархан цаазат Богд уул ийм байгаа нь нүдний булай. Төр, хотын захиргаа хийх ёстой зүйлээ хийнэ, стандартаа тогтооно. Нийтийн эдэлбэр газрын төлөө, нийтийн төлөө бүх хүчээ зориулж, ажлаа хийх ёстой. Шийдвэртэй арга хэмжээ авна. Компанид нь, БОАЖЯ-нд мэдэгдэл хүргүүлнэ. Шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаар, УИХ-аар оруулж шийдвэрлүүлнэ” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН