Нүүр хуудасБусадХэвийн биений юмны мөчлөг

Хэвийн биений юмны мөчлөг

С.Гантуяа (НӨАГ-ын эх барих, эмэгтэйчүүдийн их эмч)

Сарын тэмдэг буюу биений юм гэж юу вэ?

Эмэгтэй хүний бие махбодь ялангуяа нөхөн үржихүйн тогтолцоонд давтагдан явагдах мөчлөгт өөрчлөлт юм. Биений юм ирэх нь мэдрэл-дотоод шүүрлийн зохицуулга, эргэх холбооны  механизмаар зохицуулагддаг бие махбодод тодорхой мөчлөгтэй явагддаг нарийн үйл явцын гаднах илрэл юм. Тодорхой хугацааны мөчлөгтэйгээр умайн салст давхарга ховхрон үтрээгээр дамжин гадагшлах үзэгдлийг биений юм ирэх гэнэ.

Ургийн хөгжлийн 5-6 долоо хоногтойд бэлэг эрхтэний үүсэл бий болдог.

Анхны биений юм /Менархе/  

Биений юм анх ирэх нас нь хүн бүрт харилцан адилгүй. Анхны биений юм 10-16 насанд ирэх нь хэвийн. Өсвөр насны охидод эхний үед биений юмны мөчлөг нь тогтворгүй байж болно. Аажимдаа 1-2 жилийн дараа тогтмол мөчлөгтэй болно.

Анхны биений юм үзэгдсэнээс хойш ихэвчлэн 5-7 жил БЮ-ны мөчлөг урт байдаг.

Биений юмны мөчлөг гэж юу вэ?

Биений юм ирсэн өдрөөс дараагийн биений юм ирсэн эхний өдөр хүртэлх хугацааг биений юмны мөчлөг гэнэ.

Хэвийн БЮМ-ийн эмнэл зүйн шинжүүд:

  • Биений юмны мөчлөг 28 ± 7 хоног
  • Биений юмны үргэлжлэх хугацаа 4 ± 2  хоног  (2>, 7< их бол эмгэг)
  • Биений юмны үед алдах цусны хэмжээ   40 – 60 мл     (80мл-с их бол эмгэг)
  • Биений юмны үед алдах төмөр: 16 мг
  • 24>, 35< хоног үргэлжилвэл зайлшгүй шинжлэх хэрэгтэй

Нийт эмэгтэйчүүдийн биений юмны мөчлөгийн онцлог :

  • 50% 28 хоног
  • 0,5%   21-с цөөн хоног
  • 0,9%   35-аас олон хоног үргэлжилдэг.
  • 20%    мөчлөг тогмол биш байдаг.
  • 25 насанд      мөчлөг  25-28 өдөр байх нь 40% эзэлдэг бол

25-35 насанд мөчлөг  25-28 өдөр байх нь 60%-с дээш хувь эзэлдэг.

Ямар ч насны эмэгтэйд сэтгэл санаа хямрах, уурлах, ядрах, хүнд ажил хийх, орчин огцом солигдох, ханиад томуу хүрэх зэргээс биений юмны мөчлөг өөрчлөгдөх нь бий.

Биений юмны үед хүн бүр хуанли хөтөлж сурах нь биений юмны мөчлөгөө тогтоох, өөрийн эрүүл мэндээ хянахад тустай.

Сарын тэмдгийн үед ямар шинж илрэх нь хэвийн бэ? 
• Хоолны дуршлын өөрчлөлт
• Сэтгэл санааны өөрчлөлт
• Юманд төвөгшөөх
• Хэвлий хэсгээр өвдөх
• Толгой бага зэрэг өвдөх
• Батга ихсэх
• Хөх хөндүүрлэх
• Нойр хүрэхгүй байх
• Огиулах
Сэтгэл санааны бага зэрэг өөрчлөлт байж болох ч ноцтой депресст орвол хэвийн бус гэж ойлгоорой.

Биений юм ирсэн үед ямар дэглэм сахих вэ? 


Биений юм ирэх нь эмэгтэй хүн бүрт тохиолддог, хэвийн үзэгдэл учраас айж сандрах болон ямар нэг онцгой дэглэм сахих шаардлагагүй. Биений юм ирсэн өдрүүдэд өдөр тутмын амьдралын дэглэмээ хэвээр үргэлжлүүлж болно. Тухайлбал шүршүүрт орох, биеийн тамир, спортоор хичээллэх гэх мэт.
Биений юмны үед үтрээнээс гарах цусыг шингээх зориулалтай, тусгай ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэнэ. Биений юм ирсэн хугацаа, гарч байгаа цусны хэмжээнээс хамаарч, ариун цэврийн хэрэглэлийн төрөл, нимгэн зузааныг тохируулна. Цус хир гарч байгаагаас шалтгаалан өдөрт хэд хэдэн удаа солих шаардлагатай байдаг.

Биений юмны үед умайн хүзүү нээгдэн, умайн салст давхарга ховхрон гарч байгаа тул шархтай талбай үүсдэг, өгсөх замаар бактери орох боломжтой, цус нян үржих таатай орчин болдог тул бэлгийн ариун цэврийн дэглэмийг сайтар сахих нь чухал.

Биений юм ирэхдээ өвдөх ёстой юу? 

Биений юм ирэх нь өвчин биш учраас ямар нэг зовиур шаналгаа гарах ёсгүй. Зарим хүнд биений юм ирэхийн өмнөх өдрүүдэд ууц нуруугаар бага зэрэг хөших, чилэх, хөх болон хэвлийгээр үл ялиг хөндүүр болох хэмжээний зовиур гарах боловч биений юм ирсний дараа зүгээр болдог. Энэ нь хэвийн үзэгдэл тул санаа зоволтгүй.  Харин үүнээс илүү зовиур шаналгаа гарсан үед эмчид хандаарай.

Биений юм өвдөлттэй ирэх үед өвдөлтийг намдааж болох аргууд:  

  • Шингэц сайтай, илчлэг өндөртэй хоол идэх
  • Давсны хэрэглээг хязгаарлах
  • Шингэн хангалттай хэрэглэх, ус өдөрт 1.5-2 литрээс доошгүй уух
  • Ууц нуруун дээрээ, эсвэл хэвлийн доод талд, аль өвдөж байгаа хэсэгтээ бүлээн жин тавих, бүлээн шүршүүрт орох
  • Өвдөг, тохой дээр тулж хэвтэх
    Дээшээ харж хэвтэн өвдгөө нугалан тойргоор эргүүлэх
  • Явган явах хөнгөн дасгал, хөдөлгөөн хийх
  • Өвчин намдаах эм уух

Эдгээр аргуудад үр дүнгүй, өвдөлт ихтэй, дээрх зовууриуд хүчтэй илэрч байвал эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН