Нүүр хуудасМэдээӨнөөдрөөс эхлэн 2, 4, 9 сартай хүүхдүүдэд ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ ВАКЦИН хийнэ

Өнөөдрөөс эхлэн 2, 4, 9 сартай хүүхдүүдэд ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ ВАКЦИН хийнэ

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-нээс эхлэн 2, 4, 9 сартай хүүхдүүдэд уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн үүсгэгчийн эсрэг вакциныг хийнэ.

Өнгөрсөн жилүүдэд энэхүү вакциныг өвчлөл өндөртэй дүүргүүдэд хийж байсан бол энэ онд бүх дүүрэгт хийнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.

Уушгины хатгалгаанаас сэргийлэх, өвчлөлийг бууруулах, хатгалгааны тохиолдлыг бууруулах, бага насны хүүхдийн хүндрэлийг бууруулах ач холбогдолтой уг вакциныг хийх бэлтгэл ажил хангагдсан эсэх талаар ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэлээс тодруулахад “2018 онд уушгины хатгалгааны эсрэг пневмококкийн вакциныг нийслэлийн бүх дүүргийн 2, 4, 9 сартай хүүхдүүдэд хийхээр болсон. Бэлтгэл ажлыг дүүргүүд хангасан бөгөөд маргаашнаас вакцинжуулалтын кабинетаар эхэлнэ” гэлээ.

Вакцинд хамруулснаар уушгины хатгалгаа өвчин тусахаас 40 хүртэл хувиар бууруулах боломжтой

Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд уг вакциныг 2016 оноос хийж эхэлсэн бөгөөд энэ жил шинээр хийж эхлэх Баянгол дүүрэгт бэлтгэл ажил ямар түвшинд байгаа талаар тодруулахад “Пневмококкын эсрэг 13 цэнт вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаа маргааш эхэлнэ. Пневмококкийн нян нь гадна бүрхүүлийн бүрдлээсээ хамаараад 93 дэд хэв шинжид хуваагддаг бөгөөд бага насны хүүхдүүдийг пневмококкийн эсрэг ПЭВ-13 вакцинд хамруулснаар уушгины хатгалгаа өвчин тусахаас 40 хүртэл хувиар бууруулах боломж байгаа нь судалгаагаар нотлогдоод байна.

ПЭВ-13 вакциныг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлын хүрээнд дүүргийн харъяа 22 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг чадваржуулах сургалтыг зохион байгуулж дууссан, дархлаажуулалтад хамруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна” гэсэн юм.

2018 оны Улсын төсөвт тусгасан Эрүүл мэндийн сайдын багцаас уг ажлын санхүүжилтийг гаргах бөгөөд вакцин, дагалдах хэрэгсэлд нэг тэрбум төгрөг зарцуулах юм байна.
Уушгины хатгааны эсрэг вакциныг

  • 2016 онд 39900,
  • 2017 онд 48 мянган хүүхдэд хийсэн бөгөөд дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийн дунд хатгалгааны өвчлөл 40 хувиар буурчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН