Нүүр хуудасМэдээАялал жуулчлалд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг нийслэлд хэрэгжүүлнэ

Аялал жуулчлалд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг нийслэлд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд ирэх жилд нэг сая жуулчин хүлээн авах зорилтыг дэвшүүлж, аялж, амрах таатай нөхцөл бололцоог бүрдүүлэхээр олон шат дараатай үйл ажиллагааг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн, эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын нислэг, төмөр замын рейсийн болон улс хооронд зорчих автобусны тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр олон улсын сэтгүүлчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Аялал жуулчлалын хуулийг хэлэлцэж, энэ салбарт чиглэсэн цогц, тусгай хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Тухайлбал, Монголд зочлох жилийн хүрээнд хамгийн анхны арга хэмжээ болох “Шинэ жилээр Монголд” жуулчдын хөтөлбөрийг арванхоёрдугаар сарын 25-наас нэгдүгээр сарын 10-ны хооронд нийслэлд хэрэгжүүлэхээр бэлдэж байна” хэмээлээ. Мөн тэрбээр энэхүү шинэ жилийн хөтөлбөрт дэлгүүр, худалдааны төвүүд, урлаг, соёлын зэрэг нийслэлийн олон үйлчилгээний байгууллага хөнгөлөлт, урамшуулал зарлан оролцож байгааг онцолж байв.

Тус хөтөлбөрт хамрагдаж байгаа газруудын үүдэнд таних тэмдэг бүхий нэгдсэн баннер, мэдээлэл байрлуулах бөгөөд жуулчид гадаад паспортоо үзүүлэн урамшууллаа эдлэх боломжтой юм. Энэ талаарх мэдээллийг удахгүй www.ubwinter.com сайтад байршуулна гэдгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хэлэв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар Монгол Улс болон Улаанбаатар хотын онцлог, аялал жуулчлалын салбарын талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгч, тэдний асуултад хариулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН