Нүүр хуудасМэдээБайлдааны туг гардуулан өгөх ёслолын ажиллагаа боллоо

Байлдааны туг гардуулан өгөх ёслолын ажиллагаа боллоо

Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалууд болох Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газарт Байлдааны тугийг нь гардуулан өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын бие бүрэлдэхүүн болон командлалуудын харьяа ангийн захирагч нар оролцлоо.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний Тусгай хүчний командлагч бригадын генерал Б.Баатар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, бригадын генерал Д.Баасандамба, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан нарт Байлдааны тугийг гардуулан, баяр хүргэж үг хэллээ. Тэрээр “Зэвсэгт хүчинд Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар байгуулагдаж, бие даан үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн үндэс бүрдсэн юм. Өнөөдөр Та бүхэн сүлд хийморийн бэлгэдэл болсон төрлийн цэргийн Байлдааны тугийг Монгол Улсын Цэргийн дүрмийн дагуу ёслол төгөлдөр гардан авлаа. БХЯ-наас шинээр байгуулагдсан төрлийн цэргийг хөгжүүлэн бэхжүүлэх, бие даасан үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төсөв, санхүү, орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийг сургаж бэлтгэх, зэвсэглэл, техник, материал хэрэгслээр үе шаттайгаар хангах асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэж, дэмжлэг үзүүлж ажиллах болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт болон байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах ажилд тэргүүлэн оролцох, улс орны болон батлан хамгаалах салбарын кибер аюулгүй байдлыг хангах, тусгай томилгоот үүрэг гүйцэтгэх чадавхыг бүрдүүлэх, түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоог нэмэгдүүлэх томоохон үүрэг, хариуцлага Та биднийг хүлээж байна” гэдгийг тодотгосон юм.

Мөн энэ үеэр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ “2020 онд хууль эрх зүйн хүрээнд Зэвсэгт хүчний Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрыг шинээр байгуулсны зэрэгцээ тэдгээрийн бие даан үүрэг гүйцэтгэх боломжийг нь бүрдүүлэх чиглэлээр үе шаттай ажлуудыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага дэс дараатай хэрэгжүүлсээр байгаа юм. ЗХЖШ-ын 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаас “Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газрын үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тодорхой үр дүнтэй явагдаж, дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг бүрэн хэрэгжүүлсэн” хэмээн үнэлсэн нь эдгээр төрлийн цэргийн командлал, удирдах газар нь харьцангуй богино хугацаанд бие даан төлөвших эхлэлийг зөв тавьж буйг илтгэж байна. Энэ өдөр Батлан хамгаалахын сайдын тушаалаар Зэвсэгт хүчний Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Байлдааны тугийг гардуулж байгаа нь дээрх хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж, эдгээр байгууллагын бие даан үүрэг гүйцэтгэх эрх зүйн орчныг бүрдүүлж, удирдлага, бие бүрэлдэхүүний ажиллах урам зориг, итгэл үнэмшлийг бадрааж байна. Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, ангийн Байлдааны туг нь бие бүрэлдэхүүний сүслэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл юм. Тиймээс энэхүү Байлдааны туг нь аливаа бахдам үйлс, бахархам түүх, амжилт, ололт, алдар гавьяа бүхний тэргүүн манлайд Монгол төрийн алтан соёмбот далбааны нэгэн адил өндөрт мандаж явах учиртай бөгөөд Та бүхэн ч өөрсдийн хичээл зүтгэлээрээ тийнхүү мандуулж явах үүрэгтэй бас эрхтэй” хэмээн онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН