Нүүр хуудасМэдээГ.Батбаяр: Үйлчлүүлэгчийнхээ төлөө хурц, шийдэмгий, зоригтой байснаар өөрийгөө золиослодог юм байна

Г.Батбаяр: Үйлчлүүлэгчийнхээ төлөө хурц, шийдэмгий, зоригтой байснаар өөрийгөө золиослодог юм байна

Монголын хуульчдын холбооноос өмгөөлөгч Г.Батбаярыг ёс зүйн алдаа гаргасан хэмээн өмгөөлөх эрхийг нь хасаад байгаа юм. Энэ асуудлаар өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа. Тэрбээр хамгийн сүүлд ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын хэргийг өмгөөлж байсан юм.

 -Монголын хуульчдын холбоо таныг албан тушаалаа урвуулан бусдыг дарамталсан, олон нийтийн газар эмэгтэй хүнийг зодож танхайрсан, дээр нь залилан луйвар хийсэн хэмээн их ноцтой үндэслэлээр өмгөөлөх эрхийг тань хасаж байгаагаа мэдэгдлээ. Энэ үндэслэлүүдийн баримт фактыг танаас сонсмоор байна?

-Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр анх маргаан үүсгэсэн. Үндэслэл нь 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг муулж, шүүмжилсэн өнгө аястай ярилцлага өгсөн байна. Нөгөө нь олон нийтийн газар иргэнтэй маргасан байна гэдэг үндэслэл.

Нийслэлийн Засаг даргыг шүүмжилсэн гэх асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаад “Гүтгэж, доромжилсон асуудал байхгүй байна” гэсэн тогтоол тавдугаар сарын 29-ний өдөр гарсан. Харин иргэнтэй холбоотой маргааны хувьд би хохирогчоор тогтоогдсон юм шүү. Миний гар, мөр гэмтсэн. Үүнийг хар даа /Оёдол тавиулсан гарынхаа шууг үзүүлэв/. Би байрныхаа СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга хийдэг.

Хохирсон гээд байгаа эмэгтэй өвлийн идэр есийн хүйтэнд байрны орцны хаалгыг олон цагаар онгорхой орхисноос болж паар хөлдөж эхэлсэн болохоор “Юмаа зөөгөөгүй үедээ хаалгаа хаачихаж байгаарай” гэж хэлсний төлөө хоёр метр өндөртэй залуу үсэрч гарч ирээд намайг мөргөснөөс болж үүссэн идэвхгүй эсэргүүцэл буюу би өөрийгөө хамгаалж “Хохь чинь шүү, чамайг ална” гэж бухимдсан асуудал л болсон.

Тэд ах дүү тавуулаа байсан. Тавуулаа нийлээд намайг балбасан. Түүнтэй холбоотой үүссэн маргаан. Энэ бол хүний амьдралд байдаг л зүйл. Ингэж байтал Б.Хурцын хэрэг, Дубайн гэрээтэй холбоотой асуудал бий болсон. Би өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн.

Гэтэл Ц.Нямдорж сайд “Маргааныг сэргээ, танхай өмгөөлөгчтэйгөө хариуцлага тооцож чадахгүй байгаа Хуульчдын холбоог татан буулга” гэж арванхоёрдугаар сарын 8-ны өдөр УИХ-ын чуулган дээрээс Хуульчдын холбоог дарамталж эхэлсэн. Ингээд Хуульчдын холбооны хурал зарлагдаж надад хариуцлага тооцох асуудал яригдсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22.6 дээр гэмт хэрэгт шийтгүүлсэн нь тогтоогдсон бол эрхийг нь хүчингүй болгоно гэсэн ганцхан зохицуулалт байгаа. Бусад тохиолдолд сануулах арга хэмжээтэй.

-Та хохирогч байсан юм бол Хуульчдын холбоо яагаад таныг эмэгтэй хүнийг зодож танхайрсан гэж үзээд байгаа юм. Үнэн үү?

-Гудамжинд маргасан нь зөрчил биш байна гэдгийг тогтоочихсон. “Г.Батбаяр хохирогч байсан байна. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа орчин биш байна. Ахуйн нөхцөл байна” гэж шийдвэрлэсэн. Тэр хүмүүсийн дайралтаас болж миний гар гэмтсэн, хүчтэй өвдсөн. Өвдөлтөөсөө болж бухимдаж уурласан. Үүн дээр сэтгэл судлаачийн дүгнэлт гарсан байдаг.

“Сэтгэл санаа цочрон давчдах үед идэвхгүй эсэргүүцэл үзүүлэх эмнэл зүйн шинж байна. Өт хүртэл биед нь хүрэхээр атирдаг шиг хариу үйлдэл үзүүлсэн байна” гэж. Харин Хотын даргыг шүүмжилж ярьсан нь зөрчил байна гэж үзсэн.

-Бас дээр нь залилан луйвар хийсэн гэсэн байгаа?

-Залилан хийсэн бол би Эрүүгийн хэргийн 17.3-аар эрүүгийн хэрэг үүсэн шалгагдана биз дээ. Эмэгтэй хүн зодож нүдсэн бол эрүүгийн хэрэгт татагдаад хүний биед ямар гэмтэл учруулсан, гэмтэл учруулаагүй бол хүний биед хохирол учруулахгүйгээр халдах буюу Зөрчлийн тухай хуулийн 5.3-аар шийтгэгдэнэ. Гэтэл ийм зүйл болоогүй. Тухайн бичлэг дээрх хүн би биш. Намайг ижил төсөөтэй мэтээр тайлбарласан.

Цагдаад гомдол гаргахаар хуурамч фейсбүүк хаягнаас бичлэг авсан учир шалгах боломжгүй гээд байдаг. Тэгээд ч над руу шидэж байгаа жижиг сажиг чулуу болгон дээр очиж зууралдаад байвал би бусдын хэргийг яаж өмгөөлөх вэ. Амжихаа больсон. Тиймээс энэ асуудлыг хаячихсан.

Гэтэл өнөөдөр баахан олон эрүүгийн гэмт хэрэг, зөрчлийн гэмт хэргүүд үйлдсэн болчихлоо. Энэ бол ёс зүйтэй ямар ч холбоогүй. Ер нь Ц.Нямдорж сайдын ашиг сонирхлыг нь хөндсөн шинжтэй стратегийн өмгөөллүүдийг явуулснаас л үүдэлтэй.

Би зүгээр зогсож байгаад цаазын тавцан дээр хүзүүгээ тавьж өгөхгүй. Үзнэ дээ.

Энэ асуудлаар Хуульчдын холбоотой маргаж байгаа. Миний өмгөөлөх эрхийг хассан хууль эрх зүйн үндэслэл нь өөрөө хууль ёсны бус. Хэрэгсэхгүй болсон хуулийг үндэслэсэн журмаар намайг шийтгэсэн. Хууль зүйн гаргалгааг яривал урт юм болно. Ямартаа ч энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана. Монголын хуульчдын холбоог татан буулгах хүртэл явна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65.1 дээр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар тухайн хорооны гаргасан шийдвэр түдгэлзэнэ гэдэг. Түүнийхээ хүрээнд намайг хоёр гурван шатны шүүх хүлээж байна. Ингээд маргаад явбал нэг жилийн хугацаа байна. Тэгэхээр энэ хугацаанд эрүүгийн журмаар өмгөөлж байгаа хүмүүсийнхээ хэргийг цэгцэлчихнэ. Иргэн, захиргаа бол хамаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоод явах эрх нээлттэй. Тийм болохоор үүн дээр айхавтар хохироод байгаа юм алга.

Гэхдээ мэдээж хэрэг шударга зүйлийн төлөө явахад улстөрчдийн золиос болж хувирдаг юм байна гэдэг л харагдаж байна.

-Ц.Нямдорж сайдын ашиг сонирхлыг хөндсөн стратегийн өмгөөлөл гэхээр та юуг хэлж байна вэ. Таны өмгөөлөх эрхийг хасахыг үүрэгдсэн хүн Хууль зүйн сайд гэж хэлэх гээд байна уу?

-Хууль зүйн сайдын хүсэл зорилгод нийцэхгүй үйл ажиллагаа явуулж байсан гэж ойлгогдохоор байдал үүссэн. Б.Хурцын хэрэг байна, 17 шүүгчийн асуудал байна. Дубайн гэрээ, Ураны маргаан байна. Мөн Эрдэнэтийн маргаан дээр Үндсэн хуулийн Цэцийн 03 дугаар тогтоолын бүх хууль зүйн гаргалгааг Засгийн газарт гаргаж өгсөн.

49 хувийн хувьцаа эзэмшигч нарын асуудал хоёр жил гацаанд орчихсон байсныг гацаанаас гаргаж өгсөн. Миний явуулж байгаа нийгэмд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд хорсож атаархсан үйл явдал л болж байна. Тийм учраас би зүгээр зогсож байгаад цаазын тавцан дээр хүзүүгээ тавьж өгөхгүй. Үзнэ дээ.

-Өмгөөлөгчийн үйл ажиллагаа их онцлогтой. Өмгөөлөгч хүнд өөрийн гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйл байх нь гарцаагүй. Өнөөгийн хууль эрх зүйн салбарын өмгөөлөгчдийн дунд Г.Батбаяр гэдэг хүн сайн, муу ямар ч хэлбэрээр өөрийгөө харуулаад байгаа юм. Таны өмгөөлөгч байх итгэл үнэмшил, үнэт зүйл ер нь юу юм бэ?

-Бие хүн болж нийгэмд төлөвшсөн байдал маань намайг авч явдаг. Би амьдралдаа хүнд хэцүүг туулж ирсэн. Янз бүрийн ажил алба эрхэлж байлаа. Амьдралын арвин туршлагатай. Миний ээж улсад 37 жил багшилсан хүн. Ээжийн маань олгосон хүмүүжил миний амьдралын чиг шугамыг тодорхойлж байдаг. Тиймээс бүх дэлхий миний эсрэг байсан ч би өөрийнхөө үзэл бодолд үнэнч байна.

Намайг хэчнээн буруутгаж байсан ч миний явж байгаа байр суурь зөв, хуульд нийцэж байгаа гэж бодсон л бол би түүн дээрээ бат зогсоно. Одоо эргээд харахаар миний өмгөөлж байсан тал “Баярлалаа” гээд л өнгөрдөг. Их бага хэмжээгээр надад төлбөрөө төлдөг. “Та мөнгөө авсан, баярлалаа”  гэдэг нь тэр.

Харин би хэрэг бүрийн ард эвлэршгүй арван дайсантай үлдэж байдаг. Зохиомлоор миний дайснууд нэмэгдэж байдаг. Тэгэхээр өмгөөллийн үйл ажиллагаа өөрөө онцлог. Чөлөөт субъектийн зүгээс өмгөөллийн үйл ажиллагаа хийгдэнэ. Шүүгч прокурорыг бол төр хамгаалчихна. Өөр субъектүүд. Амьдралын баталгаа нь бий болчихсон, нэр төр нь төрийн хамгаалалттай. Эрх зүйн байдлыг нь төрийн хуулиар хамгаалсан.

Би бол яг Б.Хурцын өмгөөлөгч биш.

Гэтэл өмгөөлөгч тийм биш байхад л шүүгч прокурортой адилтгаж үзээд байдаг. Шүүгч прокурорыг хэвлэл мэдээллээр олон нийтэд хандахыг хуулиар хориглочихсон. Байгууллага нь түүний өмнөөс мэдээлэл ярьдаг. Гэтэл өмгөөлөгчийг ч бас тэгж шаардаад байдаг нь сонин.

Жишээ нь, би УИХ-ын гишүүн Д.Гантулгыг өмгөөлж байхдаа “Энэ хүн гэм буруугүй” гэж хэлэхэд “Хэргийн талаар яриад байна” гээд шүүхийн зүгээс буруутгадаг. Би яагаад хүнээ гэм буруугүй гэж хэлж болохгүй байгаа юм. Энэ чинь өөрөө өмгөөлөх эрхийг хүчээр нухчин дарж байгаа явдал. Тэгээд зогсохгүй “Гуравдугаар сарын 12-ны өдөр ТВ4 телевизээр Хотын даргын эсрэг шүүмжлээд ярьчихаж. Энэ чинь буруу байна” гэсэн.

Ганцхан энэ үндэслэлээр намайг шийтгэсэн. Одоо эгээтэй л хулгай хийж, хүн амьтан алсан гэж бичихгүй байна. Өмгөөлөгч эрхээ хамгаалах гээд явахаар хамгаалалт байхгүй.

Хуульчийн эрхийг хамгаалах хороо нь юу ч хийдэггүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40.1-дээр өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулж байгаатай нь холбогдуулан дарамтлан шахах, айлган сүрдүүлэхийг хориглоно гээд заачихсан. Энэ заалтаа хэрэгжүүлээд өгөөч гэхээр та цагдаад хандчих гэдэг. Их хэцүү.

-Өмгөөлөгч хүнд өөрийн гэсэн харизм байх ёстой юм шиг. Тэгж байж хэргээ өмгөөлнө, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаална. Тийм биз?

-Жишээ нь, хүн алчихсан гэмт хэрэгтэн Үндсэн хуулийн 16.1. амьд явах эрхтэй. Амьд явах эрхийнхээ төлөө тэр хүнд амьд үлдэх юмсан гэдэг хүсэл мөрөөдөл байна. Үүнийг би хуульд нийцүүлэн гаргах ёстой. Тийм учраас тэр хүнийг нийгэм тэр даяараа буруутгаж байсан ч, хэчнээн алуурчин, гаж донтон, маньяк гэж хэлэгдэж байсан ч амьд үлдэх хүсэл мөрөөдлийнх нь өчүүхэн хэсэг, тэр очийг унтраахгүйн тулд зөв арга замыг эрэлхийлж олох үүрэгтэй.

Үүнийгээ хамгаалахын тулд өөрийн дотоод итгэл үнэмшлээр эр зоригтойгоор дуу хоолойгоо хүчтэй гаргахыг эрмэлзэж хуульд нийцүүлсэн байдлаар гаргахыг хичээдэг, би. Маргаан хүчгүй байвал шууд ялагдана.

Би соёлтой байдлаар, дуугүй ноомой сул, хүнд өөрийгөө ойлгуулах гэж аргадсан өнгө аясаар яривал энэ маань эсрэг талд маш их боломж, итгэл үнэмшлийг бий болгож байдаг. Мөн шүүгч нарт ч гэсэн. “Өө энэ хариугүй амьтан, чадахгүй дээ” гэсэн ойлголтыг төрүүлдэг. Тийм учраас би ялахын тулд хувь хүнийхээ дотоод итгэл үнэмшил мөн чанартайгаа хослуулж өөрийн тогтсон үзэл баримтлалыг илэрхийлэхийг эрмэлздэг. Тэгж байж л үйлчлүүлэгчээ хамгаалж чадна.

-Таны өмгөөлж байсан томоохон хэрэг бол ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын хэрэг. Б.Хурц нарын хууль хүчний томоохон байгууллагын хүмүүс таныг өмгөөлөгчөөр авна гэдэг та тэдэнд үнэлэгдсэн хэрэг. Уг хэргийг өмгөөлөх эхлэл яаж тавигдсан юм бэ?

-Аливаа хэрэгт нууцлал гэж байдаг. Үүнийг бид хангаж байх ёстой. Гэхдээ нэгэнт энэ тухай мэдээлэл олон нийтэд ил болчихсон. Би бол яг Б.Хурцын өмгөөлөгч биш. С.Баяр гээд миний багын найз, гүйцэтгэх ажиллагааны тагнуулын хурандааг би өмгөөлж байгаа. Бид хоёрын хооронд цэвэр найз нөхрийн итгэлцэл ариун нандин холбоо байдаг.

Мэдээж энэ хэрэгт орохоор манай С.Баяр буруутах юм бол Б.Хурц ч буруудна. С.Баяр аврагдвал Б.Хурц ч аврагдана. Ийм л болохоор бид хувь тавилан гийн эрхээр холбогдчихсон. Би хүссэн хүсээгүй Б.Хурцын эрх зүйн байдал С.Баярын эрх зүйн байдалтай хамааралтай учраас миний яаж өмгөөлөхөөс тэр хүний эрх зүйн байдал хамаараад байдаг.

Түүнээс биш Хурцыг Мэргэн, Хашчулуун, Туяа өмгөөлөгч өмгөөлж байгаа. Гэхдээ бид нар үүн дээр нэгдмэл нэг тактиктай оролцож байгаа. Үр дүнд хүрч байгаа.

-Сошиалд таны талаар таагүй мэдээлэл байсхийгээд түгдэг. Олон хүнийг шорон оронд явуулсан, хэргийг бантагнуулсан гээд л эхэлдэг. Үнэхээр тийм зүйл байгаад байдаг юм уу, эсвэл энэ хий хоосон хардлага уу?

-Надад тэр болгонд маргалдаад явах ажил хэргийн зав бололцоо алга. Үнэн юм үнэнээрээ гарах байх гээд орхидог. Ер нь яах вэ би нэг ашиг сонирхлын эсрэг тэсрэгийн туйл дээр ажилладаг. Тэгэхээр эсрэг талынхан маань мэдээж намайг мөнхөд үзэн ядна. Тэр дайснууд маань хэзээ ч арилж алга болдоггүй.

13 настай охины хэрэг гэхэд нөгөө талд гэмт хэрэгт шийтгэгдсэн этгээдүүдийн ар гэр, ах дүү нар намайг мөнхөд үзэн ядна. Тийм болохоор өмгөөлөгч хүн маш эрсдэлтэй, амьдрал нь хутганы ирэн дээр явдаг.

Хэрэв би муугаа үзэж үхэх юм бол мэдээж хэрэг миний эсрэг талд орж байсан хүмүүс алга ташин бүжих нь тодорхой. Би хэзээ ч арилж алга болохгүй дайснуудтай болчихсон юм байна. Тэгэхээр өмгөөллийн үйл ажиллагааг хурц, шийдэмгий, зоригтой, үйлчлүүлэгчдийнхээ талд гээд өөрийгөө олин байж тэмцэх хэрэггүй юм байна гэж ойлгож байна.

Дубайн гэрээн дээр яах гэж би ард түмний төлөө, 20 тэрбум ам.долларын хэргийг хүчингүй болгох гэж улайран тэмцсэн юм бэ. Би яах гэж Халхын голын чөлөөт бүс дээр маргав аа, яах гэж гэр хороолол барилгажилтын эсрэг явсан юм бэ. Өнөөдөр намайг бүгд улайран муулж байна. Би яах гэж хууль хүчний таван том хурандаагийн эсрэг Сарангэрэлийн хэрэг дээр ажиллав аа. Шал дэмий, зургаан жилийн өмнө болсон хэрэг дээр намайг ална даа гээд занаад явж байгаа.

Ц.Нямдорж сайдын ашиг сонирхлыг нь хөндсөн шинжтэй стратегийн өмгөөллүүдийг явуулснаас л үүдэлтэй.

Өөрийнхөө эсрэг маш том хар хүчийг бий болгочихож. Одоо эргээд бодоход өмгөөлөгч хийх хэрэггүй байдаг юм байна. Өөрийнхөө хүчийг тооцоолохгүйгээр зөвхөн хууль дийлэх ёстой гэж явах нь өөрөө өрөөсгөл аж. Ийм эрх зүйн орчинтой, дарга дээдлэх харилцаанд орчихсон, хүнд тал зассанаараа илүү давуу байдал олж авч байдаг нийгэмд би буруу нүүдэлтэй явчихаж.

Халуун галаар тоглож байсандаа харамсаж байна. Гэр бүл үр хүүхдээ аюулд оруулчихсанаа ойлгож байгаа. Хүүхэнтэй явалддаг гэж бичээд л эхнэрийн маань гар утас чаат руу, хүүхдүүдийн маань чаат руу зураг хөрөг, бичсэн юмаа явуулдаг нийгэм. Үүнээс болоод би стресст ороод уурлаж яваад сүүлдээ өөрийгөө хянах чадваргүйгээр баахан хараал урсгаснаас болж өөрийгөө хэрэгт оруулах шахлаа.

-Таныг нэлээд хэдэн жилийн өмнө уул уурхайн хөрөнгө оруулалттай компанийн гадаад эздийг өмгөөлөхдөө ёс зүйгүй загнасан гэж ярьдаг. Ер нь юу болсон юм бэ?

-Би гадны байгууллага, хувь хүмүүсийг олон удаа өмгөөлж байсан. Гэхдээ мэдээж хэрэг тэдний эрх зүйн байдлыг дордуулсан бол өмгөөллийн төлбөрөө авахаар надтай шүүхдэнэ шүү дээ. Энэ бол нэг хэргийн эсрэг талд байсан этгээдүүдийн хүсэл зоригоос үүдэн гарсан мэдээлэл. Гэхдээ энэ бодит баримтаар тогтоогдоогүй. Зүгээр л аман яриа.

-Таныг бас нэлээд хэдэн орон сууцтай, тэдгээрийг түрээслээд их л бийлэгжүү амьдардаг гэлцэх юм. Өмгөөлөх эрхийг тань хасчихлаа. Цаашдаа хэрхэх вэ?

-Дан ганц өмгөөллөөр мөнгө олно гэдэг маш хэцүү. Үүнээс өмнө ч би амьдралын төлөө тэмцэж зүтгэж ирсэн. Яагаад гэвэл би гэр бүлээ тэжээх үүрэгтэй, эр хүн. Гэр бүлийнхээ тав тухтай амьдрах орчин, эд хөрөнгийг би аль эрт бий болгочихсон. Гэр бүлээ аятай тухтай орчноор амьдруулах эд хөрөнгийн баялаг, оюун санааны баялгийг ч бий болгосон.

Өмгөөлөгч болсноороо харин дордох тийшээ байна шүү. Нэлээд хэдэн тооны орон сууц бий. Өөрийн хувийн бизнес байлгүй яах вэ. Түүнээс биш нэг эрүүгийн хэрэг дээр ороход ганц хоёр сая авна. Дөрөв таван сая авлаа гэхэд нэг, хоёр жил явна. Тэр хугацаандаа хуваагдаад таарчихдаг. Зарим хэргүүд дээр би хөлс авдаггүй. Мэдээж гайгүй хэргүүд дээр ахиухан төлбөр авдаг ч тэр маань бусдад адлагдах боломжийг бий болгож байдаг.

Гэхдээ яах вэ, өмгөөлөх эрхийг маань хаслаа гэхэд оюун санаанд минь байгаа эрх зүйн оюуны их потенциал, баялаг, мэдлэг туршлагыг хэн ч надаас булааж авч чадахгүй. Тиймээс би хаана ч өөрийгөө, гэр бүлээ аваад явж чадна.

Эх сурвалж: Өдрийн сонин

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН