Нүүр хуудасЯрилцлагаГ.Майцэцэг: Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авахаас “Үндсэрхэг үзэл” эхэлнэ

Г.Майцэцэг: Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авахаас “Үндсэрхэг үзэл” эхэлнэ

Хөнгөн үйлдвэрийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж яваа Exclusive компанийн захирал Г.Майцэцэгтэй ярилцлаа.

 -Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Г.Майцэцэг гэдэг эмэгтэйг монголчууд андахгүй болсон. Гэсэн хэдий ч хувь хүн нь хэн бэ гэдгийг уншигчид маань сонирхож байгаа болов уу?

-Сайн байна уу. Би эх орондоо хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьж яваа жирийн эмэгтэй. Ардчилалын анхны жилүүдэд аав, ээжийгээ дагаад Польшийг зорьсон. 20 гаруй жил тэнд амьдарсан. Анх 2002 онд Польшид оёдлын чиглэлээр үйлдвэр байгуулж ажиллаж эхэлсэн.  Хүмүүст аль хэдийнэ танил болсон Hugo Boss, Deni Cler зэрэг том брэндийн захиалгаар хувцас оёдог байсан. Манай гэр бүлийн хүн Германд хувцасны дизайнер мэргэжлээр төгссөн болохоор оёдлын үйлдвэрт их дэмтэй байвХүний нутагт хөл алдахгүй амьдрахын тулд хөнгөн үйлдвэрийн салбарт хүч үзэж байсан хэрэг. Хань минь загвар зохион бүтээгч болохоор оёдлын салбарт ажиллахад нэг их түүртээгүй. Миний хувьд олон улсын зах зээл судлаач мэргэжилтэй. Үйлдвэртээ ажиллах миний гол үүрэг нь тухайн бүтээгдэхүүн зах зээлд хэр эрэлттэй байна гэдгийг судалдаг гэхэд хилсдэхгүй.

-Польшид оёдлын үйлдвэртэй байсан ч том зах зээлийг орхиод энд ирсэн нь учир шалтгаантай байх. Ер нь эх орондоо ирээд бизнесийн гараагаа хэрхэн эхэлж байв?

-2008 онд нутагтаа ирж байлаа. Хүний нутагт сурч мэдсэнээ эх орондоо хэрэгжүүлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулая гэдэг сэтгэлээр ирсэн юм. Мэдээж олон жилийн дараа ирсэн болохоор надад бөөн боломж харагдаж байлаа. Учир нь үйлдвэрлэгч байхгүй өрсөлдөгчгүй хоосон орон зайд ганцаараа тоглох нь таатай байсан. Нөгөөтэйгүүр үйлдвэрлэл байхгүй болохоор оёмол бүтээгдэхүүний үнэ хэт хөөсрөлтэй харагдсан. Ингээд л компаниа байгуулсан. Хүмүүс яагаад гадаад нэр өгсөн юм бэ гэж асуудаг. Хамгийн гол нь Монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гарах зорилготойгоор Exclusive нэрийг сонгож байлаа. Тэр үеийг өнөөдөртэй харьцуулахад шантармаар үе байсан. Гэсэн ч би шантрахгүйгээр зорилгодоо хүрэхийн төлөө тууштай хөдөлмөрлөж байна.

-Та “Хэлсэн амандаа хүрдэг төртэй байсан бол монгол брэнд дэлхийн зах зээлд гарах боломж байсан” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсныг тань тод санаж байна. Энэ ямар учиртай вэ?

-2013 онд болсон эдийн засгийн форумд оролцож байхдаа төрийнхөнд хандаж хэлсэн үг минь. Тэр үед “Гашуун үнэн” гэдэг үгнээс өөрийг олж сонсоогүй. Ингэж хэлэх болсны учир нь 2011 онд Тяньжины чөлөөт бүс дээр Made in Mongolia хийх боломжтой хэмээн МҮХАҮТ-аас зохион байгуулсан ажилд оролцсон юм. Тухайн үед хоёр улсын хооронд 50 жилийн хугацаатай гэрээ байгуулсан юм билээ. Манай улсын аж ахуйн нэгжүүд тэнд ажиллах бүрэн боломжтой хэмээн эдийн засгийн форум хүртэл зохион байгуулсан боловч амжилтгүй болсон. Манай зах зээл жижигхэн, түүхий эдээ бүгдийг нь гаднаас авч байгаа энэ үед урд хөршийн зах зээлд гарна гэдэг нь том боломж. Тиймээс тэр бүсэд үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй гэж үзсэн. Яагаад гэвэл, Тяньжины далайн боомтоор Европ руу гарахад зардал бага гэж тооцоолон энэ ажилд ханцуй шамлан орж байлаа. Харамсалтай нь 200-аад сая төгрөгийг зүгээр л салхинд хийсгэчихсэн. Хамгийн гол нь тэрхүү боомтод байгуулж байсан төлөөлөгчийн газар нь 2012 оны сонгуулийн дараа татан буугдсан байв. Ингээд л буух эзэн буцах хаяггүй хог дээр үсэрнэ гэдэг болсон доо. Ер нь хөнгөн үйлдвэрлэл бол маш олон хүнийг ажилтай орлоготой болгодог нийгмийн маш том салбар. Иймээс энэ салбарыг, төр засаг анхааралдаа авч хөгжүүлэх ёстой. Хүн бүр орлоготой, ажилтай байвал өөр зүйлд сатаарч, хямардаггүй. Тиймээс ч гаднын улс орон энэ салбарыг анхааралдаа авч хөгжүүлдэг.

-Хятадад компани байгуулахад манайхаас юугаараа ялгаатай вэ. Хэдийгээр төлөөлөгчийн газар байхгүй ч гэлээ тэнд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байсан юм уу?

Хятадад компани байгуулахад маш төвөгтэй. Нэн түрүүнд үйл ажиллагаа явуулах байраа авсан байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Энэхүү байрыг дор хаяж 13 сараар түрээслэх шаардлагатай. Түүнээс гадна 100 мянган юанийг авахгүй гэдэг нөхцөлтэйгээр байршуулдаг юм билээ. Энэ мэтчилэн хөөцөлдсөөр 7-8 сар болно. Ялангуяа гадны хөрөнгө оруулалттай компаниар дамжин орж, гарч байгаа валютыг хянахын тулд олон зөвшөөрөл авдаг. Хятадууд компаниа байгуулсан юм чинь үйл ажиллагаагаа явуулж болно гэж байсан. Уг нь хоёр улсын гэрээний хүрээнд монголоос тоног төхөөрөмжийг татваргүйгээр оруулж ирэх эрхтэй байсан. Гэтэл хятадын тал тоног төхөөрөмжийг зөвхөн дотоодоос авах ёстой гэсэн. Хэрэв гаднаас оруулж ирвэл маш өндөр татвар төлөх юм билээ. Ингээд бүх юм бүтэлгүйтсэн. Гэхдээ манай талын буруугаас байдал урвуугаа эргэсэн болохоор яах ч аргагүй байсан. Тэгэхээр төрийнхний бодлогогүй шийдвэр, амлалтаа биелүүлдэггүй муу зуршлын сөрөг үр дагаварыг бизнесийнхэн нуруундаа үүрч байгаагийн нэг илэрхийлэл нь энэ.

Хятад хүмүүс хүрздэж бус халбагадаж ид гэдэг шиг бид ашгийн төлөө бус оршин тогтнож ажиллах ёстой

-Тухайн үедээ асуудал үүсгээгүй юм уу. Хэн буруутай этгээд хариуцлага хүлээх хэрэгтэй биз дээ?

-Ёстой тэгж явсангүй. Учир нь гадаадад олон жил ажиллаж амьдарсан хүмүүсийн хувьд төр иргэнээ хуурна гэдэг ойлголт байхгүй. Үнэн хэрэгтээ аливаа улсын иргэн нь төрдөө итгэхгүй бол өөр юунд итгэх вэ. Тиймээс маш хүлээцтэй хандсан юм. Мэдээж ийм том сургамж авч, хиншүү хярвас үнэрттэл шатсан хойно зорилгодоо хүрч амжилт гаргахын төлөө зүтгэх хэрэгтэй. Тэгэхээр ухрах араагүй машинтай давхих болж байгаа юм. Ингээд Бээжинд өөрийн компанийн төлөөлөгчийн газрыг нээж, загварууд оёж эхэлсэн. Ингэж л шархаа нөхөж байна. Уг нь бид санхүүгийн эх үүсвэр сайтай бол урд хөршийн зах зээл нээлттэй байдаг юм билээ. Мөнгө хийх боломж гэсэн үг. Хэрэв төр зөв бодлогоор дэмжвэл хийж бүтээж чадах олон залуус бий. Үйлдвэрлэл гэдэг амаргүй ажил. Тэр дундаа хувцасны үйлдвэрлэл маш чимхлүүр, жижиг ажиллагаа ихтэй. Хүний сэтгэлгээ хувьсан өөрчлөгдөхийн хэрээр загвар дизайн нь өөрчлөгддөг. Манайхан энэ салбарыг ойшоодоггүй. Гаднынханд бол томоохон брэндүүддээ санхүүжүүлж байх жишээтэй. Төрөөс бодлогоор дэмжиж дэлхийн брэнд болгоход хөшүүрэг л их чухал.

Нэг үеийг бодвол хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай ярьдаг болсон. Гэхдээ бодитой үр дүнд хүрэхийн тулд хэн, юу хийх ёстой вэ?

-Монголчууд хөнгөн үйлдвэрт хөрөнгө оруулах нь бүү хэл оёмол бүтээгдэхүүнээ арчаад хаячихсан. Гэхдээ шинэчлэлийн Засгийн газрын буянаар “Оёмол” гэдэг нэршил тодоор орж ирсэн. Хүмүүст Монголдоо үйлдвэрлэж болох юм байна гэсэн итгэл найдвар өгсөн. Дотуур хувцаснаас эхлээд олон нэр төрлийн бүтээгдэхүүн оёдог боллоо шүү дээ. Өнгөрсөнтэй харьцуулахад нэг алхамаар урагшилсан гэж болно. Манай салбарт, сүүлийн 20 жил хийгээгүй хөрөнгө оруулалтыг хийсэн. Тухайлбал, “Сурагчийн дүрэмт хувцас” төсөл. Энэ  төслийг боловсруулсан нь үйлдвэрлэгчдэд том дэмжлэг болсон юм. Сайны хажуугаар саар гэгчээр жил бүрийн хичээлийн шинэ жилээр, урд зүгээс дүрэмт хувцас ямар ч татваргүй орж ирдэг. Энэ нь үйлдвэрлэгчдэд дарамт учруулдаг. Ер нь төр бизнесийнхнээ, үйлдвэрлэл эрхлэгчдээ татварын бодлогоор давхар хамгаалах хэрэгтэй. Энэ төслийн ачаар олон хүн ажилтай, амьжиргаагаа залгуулах орлоготой болсон. Монгол Улс даяараа нэг бодлогын үр ачаар  нэг ижил “Сурагчийн дүрэмт хувцас”-тай болсон сайхан талтай.

Европт бол үйлдвэрлэлгүй улс бол гал тогоогүй айл мэт

-Гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүний татварыг нэмэх  нь үндэсний үйлдвэрлэгчдэд ямар хөшүүрэг болох вэ?

-Бид үйлдвэрлэсээр л байна. Гэтэл ижил нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортоор, ямар ч татваргүй оруулж ирэх нь буруу. Дотооддоо үйлдвэрлэгч нарын татварыг нэмээд хийх ажлыг нь хумиад байвал хэн ч зүрхэлж үйлдвэрлэгч болохгүй. Тэгэхээр бид өөрсдөө л өрсөлдөхгүй бол төр засагт найдаж болохгүй байна. Хэрэв Эрээн дээр 3000 мянган төгрөгөөр футболк зарж байвал бид материалыг нь илүү сайнаар сонгоод, 2500 төгрөгөөр борлуулах хэрэгтэй. Өнөөгийн зах зээлд үнээрээ л өрсөлдөх нь хамгийн оновчтой шийдэл. Урд зүгээс явж бараа татаж, эндээ худалдаалж байхаар Монголоосоо бүр боломжийн үнээр бүтээгдэхүүнээ авч худалдаалах боломжийг олгох ёстой. Энэ л үндэсний үйлдвэрлэл удаан тогтох хөшүүрэг шүү дээ. Мөн үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ зарж байгаа худалдаачдын татварыг бууруулан, дэмжих хэрэгтэй. Эдгээр хөшүүргийг ашигласнаар үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж чадна шүү дээ. Өнөөдөр бид хүмүүсийг ажилтай орлоготой болголоо гэхэд татвараа нэмснээр ажил олгогч нарт ял болж ирээд байна. Хэрэв төрөөс татвараа шатлалтайгаар өсгөөд байвал үйлдвэрлэгчид ажлын байрыг нэмэгдүүлэх ямар ч боломжгүй болно. Эх баригчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэчихээд боомилох бодлого явуулж байгаа нь харамсалтай.

-Нэг үеэ бодвол хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг эрмэлздэг болсон нь сайн хэрэг биш үү. Та үйлдвэрлэгчийн хувьд юу гэж харж байна вэ?

-Анх 2010 онд манай брэнд УИД-ийн хоёрдугаар давхарт худалдаалагддаг байв. Тэр үед хэрэглэгчид манай брэндийг Монгол гэж мэдэхгүй байсан. Бид ч Монголд үйлдвэрлэсэн гэж хэлдэггүй байлаа. Харин өнөөдөр ард түмний бодол эрс өөрчлөгджээ. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэхээр худалдаж авах сонирхол өндөр болсон. Манайд үйлдвэрлэгддэг зарим бүтээгдэхүүн үнэтэй зарагддаг нь үнэн. Гэхдээ хэрэглэгчийн сонголт хамгийн чухал. Тиймээс Exclusive брэндийн оршин тогтнож байгаагийн нууц гэвэл зах зээлийн судалгаагаа сайн хийж бодит, үнэлгээгээр бүтээгдэхүүнээ зардагтай холбоотой гэж боддог.

-Энэ салбарт шинэ бизнес эрхлэхийг зорьж байгаа хүмүүст та юу гэж зөвлөх вэ?

-Хөнгөн үйлдвэрлэл тэр дундаа хувцасны салбарт, үйл ажиллагаагаа шинээр эхэлж байгаа залуучууддаа тогтвортой, байнгын ажил чухал шүү гэж хэлмээр байна. Өөрсдийн бодит үнийг бий болгож хүмүүсийн худалдан авах чадварт нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал байдаг. Тиймээс өөрийнхөө өнгө төрхийг шингээсэн, хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь илүү өгөөжтэй гэдгийг хэлмээр байна.

Чингис хаан, өөрсдийн хийснийг идэж, өөрсдийнхөө оёсныг өмсөхгүй бол улс хүний идэш болно гэж хэлсэн байдаг.

-Exclusive брэндийн пэйж хуудсаар саяхан нэг бичлэг явж байсан. Тэр бичлэгийг үзэж байхдаа таныг үндсэрхэг үзэлтэй хүн юм болов уу гэж анзаарсан?

-Польш хүмүүс их үндсэрхэг. Гэхдээ намайг хэзээ ч гаднын хүн гэж хэлээд үйл ажиллагааг маань зогсоож дарамталж байгаагүй. Үндсэрхэг үзэл бол эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаж авахаас эхэлнэ гэж боддог. Бид эх орондоо хайртай гэдэг чгудамжинд хогоо хаяад, усаа бохирдуулаад, ар дагз дээрээ соёмбо сийлүүлэхийг хэлдэггүй юм. Монголд үйлдвэрлэсэн нэг бүтээгдэхүүнийг худалдаж авахад арван дамжлагаар дамжиж, арван хүний ажлын байрыг баталгаажуулж өгнө гэсэн үг. Мөн Польшид бид өглөө 6:00 цагаас ажиллаад өдөр 14:00 цагт тардаг. Үлдсэн цагаа гэр бүлийнхэндээ, үр хүүхдэдээ зориулдаг байлаа. Харин Монголд байдал өөр. Манай үйлдвэрийн дэлгүүр гэхэд л 11:00 цаг болж байхад онгойхгүй л байна. Энэ бол бидний бодит төрх. Бид болохгүй байна гэж хэнд ч буруугаа тохоод хэрэггүй. Өөрсдөө л залхуу хойрго, хойш суудаг юм. Заримдаа би бодлогоор монголчууд биднийг залхуу хойрго, бэлэнчлэх сэтгэлгээтэй  болгоод байна уу даа гэж хардаг. Намайг ерөнхий боловсролын сургуульд байхад “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” гээд уриалдаг байлаа. Одоо бол чи л мундаг манлайлагч, чи л цор ганц, гоц гээд, хүүхдүүддээ “Би” гэдэг ухааныг суулгаж байна. Дорой байя л гэвэл бид эв нэгдэлгүй талцах хэрэгтэй. Харин зангидсан гар шиг байвал бид хөгжинө. Манжийн үед устаагүй нэг нэгнээ гэсэн сэтгэл сүүлийн 20 гаруй жилд устчихлаа, харамсалтай байгаа биз.Аливаа ажил мэргэжил, байгууллагын үйл ажиллагаа, багийн ажил байдаг юм. Жишээлбэл,үйлдвэрлэлд гурван дамжлагаар бүтээгдэхүүн гарлаа гэж үзэхэд хоёр нь муу хийж нэг нь би манлайлагч гээд ямар ч амжилтад хүрэхгүйНэг нэгнийхээ ажлыг хойш татахаас хэтрэхгүй. Тиймээс үр хүүхдээ, эв найрамдалтай, багийн хүмүүжлийг сайн олгох хэрэгтэй гэж боддог.

-Нэг үе таныг Чингис бондоос их хэмжээний зээл авсан, өртэй гээд шуурч байсан шүү дээ?

-Би энэ асуудлыг олон жил ярьж, тайлбарлаж байгаа. Чингис бондын санхүүжилтээс Голомт банкаар дамжуулан зээл авсан нь үнэн. Гэхдээ банкны бүх шалгуурыг давсан гэдгийг тодотгомоор байна.

Exclusive компанийн үйлдвэр найман цех 100 гаруй хүн, өрхийн үйлдвэрлэгчид ажилладаг байна. Gurvanzuv.mn вэбсайтаараа дамжуулан, цувралаар үйлдвэрлэгчдээ танилцуулахдаа таатай байна.

Цаг заваа зориулан бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

Сэтгүүлч: Цэлмэгтэнгэр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН