Нүүр хуудасНийтлэлЖилийн цээр арилгах буюу мөр гаргахын учир

Жилийн цээр арилгах буюу мөр гаргахын учир

Монголчууд шинэ жил гарахад тэр жилдээ аз хийморьтой, ажил үйлс өөдрөг байхыг бэлгэдэж, хаврын эхэн сарын шинийн нэгэнд ирж буй жилийнхээ заслыг хийж, өөр өөрийн сайн зүг рүүгээ гарч, сайн зүгээсээ ирдэг уламжлалтай билээ. Ингэхдээ шинийн нэгний өглөө эрт нар мандахын сацуу өөр өөрийн цог хийморийн зүгт чиглэн гарч, буян хишгийн зүгээс ирдэг заншилтай. Үүнийг “Мөр гаргах” хэмээн нэрийддэг билээ.

Эрт дээр үед Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг хийдэг байжээ. Ингэхдээ хот айлын ахлагчид, өрх бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлагч нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морио унан цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд, тэнгэр сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжоо, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай ажээ. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг. Монголчууд бүгд эсгий гэртээ мал маллан амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийж байсан гэдэг.

Энэ нь тухайн жилдээ галд суусан хүмүүн нэгэн тулам галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ. Харин шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирдэг байсан бол. Төмөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс, өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газарт цацаад баруун талаасаа гэртээ эргэж ирдэг байжээ. Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модонд торгож бариад гэрийн зүүн хойт зүгрүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ. Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирдэг бол ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойт зүгрүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ. Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ. Хийд суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ.

Хожмоо бурхны шашин дэлгэрч, нүүдэлчдийн дунд хийд, дацан тэргүүтэн суурин газрууд буй болсон уед энэхүү дом заслыг хийх арга тарнийн арга ч буй болжээ. Бас суудлын махбодоос хамааруулж хийх тэр махбодын засал нь галд суугсад гал гаргадаг, модонд суугсад мод хугалж хөдөлгөдөг, төмөрт суугсад төмрийн үртэс хаядаг, усанд суугсад ус, цасны дээгүүр алхан гардаг, харин шороо, огторгуй, уул, хий хэмээх дөрвөн зовхисын хөлөлд суугсад чулуу, шороо хөдөлгөж, салхинд цаас хийсгэх тэргүүтнээр өөрчлөгджээ. Огт өөрчлөгдөөгүй зүйлс нь хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг уламжлал юм. Бас зүг, чиг нь зурхайн махбодын онолоор баяжигдаж, тухайн морилон ирж буй шинэ жилийн амин махбод руу хар нохойн ам хардаг хэмээн сэтгэж, тэр зүгтэй тухайн бодьгалын цог хийморийн зүг таарч байвал хар нохойн амнаас цээрлэж “эмх” хэмээх өөр нэгэн сайн зүг рүүгээ мөрөө гаргадаг ёс журам тогтжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН