Нүүр хуудасМэдээЛ.Оюун-Эрдэнэ: Хичээл сургалт тасалдахгүй байх нь иргэн бүрийн хариуцлагаас шалтгаална

Л.Оюун-Эрдэнэ: Хичээл сургалт тасалдахгүй байх нь иргэн бүрийн хариуцлагаас шалтгаална

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцлаа. Тэрбээр багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлээд “Өнөөдөр цар тахлаас шалтгаалж, дэлхийн 13 улс орны 112 сая хүүхэд хичээлээ танхимаар эхлүүлж чадаагүй харамсалтай мэдээлэл байна. Энэ бол хэзээ ч үл нөхөгдөх хохирол. Танхимын сургалтын үйл ажиллагааг эхлүүлснээр хөдөлгөөний эрчмийг даган халдварын тохиолдол ихсэх магадлалтай учир иргэн бүр хариуцлагатай байж, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлэх нь чухал байна. Цаашид цар тахлын үеийн иргэдийн нийгэмд оролцох оролцоог шинэ соёл болгон төлөвшүүлж чадвал хүүхдийнхээ хичээл сургалтыг тасалдуулахгүй явуулах боломж бидэнд бүрдэнэ. Тиймээс аль аль талдаа хариуцлагатай байх хэрэгтэй” гэлээ.

Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэхгүй, анги танхим хүрэлцээтэй болсныг Ерөнхий сайд мөн дурьдаад Монгол Улсын нийт хүн амын бүрэн вакцинжуулалт 64.4 хувьд, 12-17 насны хүүхдийн дархлаажуулалт 75 хувьд хүрч, багш сурган хүмүүжүүлэгчид гурав дахь тунд хамрагдсанаар хичээлийн шинэ жилээ танхимаар эхлүүлэх боломж бүрдсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Нийслэлийн ерөнхий боловсролын 17 сургууль 1955 онд байгуулагдсан, өдгөө 67 дахь жилдээ 97 багш, 35 ажилтан, албан хаагчтай, I-XII ангийн 64 бүлэгт  2,240  сурагч суралцах бэлтгэлээ хангасныг тус сургуулийн захирал Б.Чимгээ Ерөнхий сайдад танилцууллаа.  Энэ хичээлийн жил тус сургуулийн нэгдүгээр ангид 180 гаруй сурагч суралцана.

Боловсролын цахим шилжилтийн үр дүнд тус сургууль өнгөрсөн хичээлийн жилийн арваннэгдүгээр сараас SOLS-17 цахим системийг сургалтдаа бүрэн ашиглажээ. Энэ цахим системийг ашигласнаар багш нараа  интерактив видео хичээл бэлтгэх арга зүйд сургаж, улмаар тус сургуулийн 15 багш моодле системийн сургагч багшийн болзол хангасан, нийт багш нар 2,618 цагийн ээлжит хичээл, видео контент байршуулж ажилласныг Б.Чимгээ захирал хэллээ.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай Ерөнхий сайд танилцах үеэр 12-оос дээш насны хүүхдүүд вакцины бүрэн тундаа хамрагдаж, сургуульдаа явж эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид танхимаар хичээллэдэг болохын тулд хамтаараа хичээнэ гэж байв.

2021-2022 оны хичээлийн жилд 720 орчим мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцахаас 340 гаруй мянга нь нийслэлд, 380 мянга нь орон нутагт байгаа юм. Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 81 мянган хүүхэд байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН