Нүүр хуудасМэдээНайман аймаг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хязгаарлалт тогтоов

Найман аймаг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хязгаарлалт тогтоов

Ковид19 халдварын омикрон хувилбарын тохиолдол дотоодод бүртгэгдэж, халдварын давалгаа эрчимжсэнтэй холбоотойгоор зарим аймаг олон нийтийн үйл ажиллагааг цуцалсан. Түүнчлэн цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй болохоо мэдэгдэж, хүнсний зах, худалдааний төвийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм.

Одоогоор цагаан сарын баярыг өргөн хүрээнд бус зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг албан ёсоор 8 аймаг гаргаад байна.

Хязгаарлалт тогтоогоод буй аймаг: 

Говьсүмбэр: Нэгдүгээр сарын 13-наас эхлэн тус аймагт олон нийтийн арга хэмжээ зохион  байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна. 

Баянхонгор: Нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 15 хүртэл арга хэмжээг хязгаарласан байна.

Ховд: Хоёрдугаар сарын 7-ний өдөр хүртэл соёл спортын арга хэмжээ баярын үйл ажиллагааг хориглосон.

Увс: Нэгдүгээр сарын 14-нөөс ирэх сарын 10-ыг хүртэл олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Мөн хүнсний зах, барилгын материалын дэлгүүрийг 10:00-18:00 цаг хүртэл, худалдааны төв, хүнсний дэлгүүрийг 08:00-22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан байна.

Дорнод: Дорнод аймгийн Онцгой комисс хуралдаж, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг хязгаарласан байна.  Хязгаарлалтын дэглэм нэгдүгээр сарын 27-ныг хүртэл мөрдөх юм.

Орхон: Орхон аймаг тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 15 хүртэлх хугацаанд зохион байгуулахгүй байхаар болжээ. Мөн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг зөвлөж байна.

Завхан: Завхан аймаг нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй .

Дархан: Дархан-Уул аймаг энэ сарын сарын 15-аас эхлэн тодорхойгүй хугацаагаар олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласан байна. Түүнчлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй болжээ. Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй бөгөөд айл өрхийн хэмжээнд тэмдэглэхийг уриалжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН