Нүүр хуудасЯрилцлагаГ.Майцэцэг: Хийе гэсэн чин хүсэлтэй оёдолчдоо дэмжих нь *Уран үйлчин* уралдааны гол...

Г.Майцэцэг: Хийе гэсэн чин хүсэлтэй оёдолчдоо дэмжих нь *Уран үйлчин* уралдааны гол зорилго


Exclusive брэндийн үүсгэн байгуулагч “Монголд Бид үйлдвэрлэв” ТББ-н тэргүүн Г.Майцэцэгтэй ярилцлаа.

-Монголын олон мянган уран гарт бүсгүйчүүдийн ажил амжилтын гарааг эхлүүлсэн “Уран үйлчин” уралдаан зохион байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ уралдааныг анх хэрхэн санаачилж хэрэгжүүлж эхэлсэн талаар яриагаа эхлүүлье?

-Сайн байцгаана уу? Уран үйлчин уралдаан бол  Монголд
Бид  үйлдвэрлэв ТББ-аас санаачлан хэд хэдэн зорилго тээн зохион байгуулсан тэмцээн. Анх  2017 онд анхдугаар уралдаанаа хийгээд Эрдэнэт, Дархан, Булган Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор, Баянгол дүүрэг Сэлэнгэ гэсэн 8 газарт зохион байгуулагдсан. Ингээд түр завсарлаад байсан юм. Уралдааны зорилго нь өрхийн үйлдвэрлэгч нар ямар чадамжтай юм ямар тоног төхөөрөмжтэй юм бэ гэсэн судалгааг явуулах зорилготой байсан. Тэгээд дээрээс нь оёдолчдынхоо нэр хүндийг өргөнө. Нэртэй байна гэдэг тэр хүний үнэлэмж нэмэгдэнэ. Уралдааны аварга уран үйлчин гэдэг цолтой болоод ирэхээр оёдолчдын нэр хүнд өсөж түүнийхээ хэрээр эрэлт нэмэгддэг. Хүн бүр аваргаар хувцсаа оёулахыг хүсдэг. Уран үйлчин уралдааны зорилго бол биеллээ олсон гэж боддог. Үүний хамгийн том жишээ бол Хөвсгөл аймгийн Мөрөн болон Тосонцэнгэл суманд оёдлын цех байгуулагдсан амжилттай ажиллаж байна. Хөвсгөл аймгийн бахархал “Хөх сувд” нэрээр брэнд гарсан. Мөн бид Баянхонгор аймгийн уралдааны 3-р байрын шагналт үйлчин охинтой хамтран ажилладаг. Манай Экслюсив брэндийн туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллаж байна. Манай уралдааны зорилго ердөө энэ. Захиалагч гүйцэтгэгчийг холбож ажиллах явдал юм.

-Олон хүн ажлын байртай болох боломжтой ач холбогдолтой уралдаан яагаад завсарлах болов?

-Мэдээж энэ ажлыг маш өргөн хүрээнд зохион байгуулах боломжтой. Гэхдээ яах аргагүй дэмжлэг дутагдсан. Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ –ын гишүүн Л.Энх-Амгалан биднийг дэмжиж хамтран ажилласны дүнд өнөөдөр Хөвсгөлд брэнд нь гараад үйлдвэр цехүүд нь ажиллаад байна. Одоо Чингэлтэй дүүрэгт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн уралдааныг маань Чингэлтэй дүүргийн “Улаанбаатар Коттон ХХК” дэмжиж ивээн тэтгэж байна. Уралдаанд оролцоход оёдолчид маань хураамж төлдөг. Гэхдээ уралдааны нэгдүгээр шатанд хийх хувцасны материалыг бид өгдөг. Тэгээд оёдолчид маань хийсэн хувцсаа өөрөө авдаг гээд оёдолчдоос ямар нэг зардал гардаггүй. Юм хийж байгаа хүмүүсээ дэмжиж тэдэнд боломж олгохыг л бид хүсдэг. Чингэлтэй дүүргийн 19-н  хороо бүрт төрөлжсөн цехүүдийг бий болгочих юмсан. Мэдээж хэрэг ажил хэрэг явагдаж байгаа учраас хийж байгаа хүмүүсээс ч зүтгэл шаардана. Чанар шаардана. Тэгж хамтран ажиллаж байж гарсан бараа бүтээгдэхүүнийг нь цааш зарж борлуулна. Түүнээс биш хэн нэгэнд бэлэн хоол бэлдэж өгөхгүй шүү дээ. Энэ бол Чингэлтэй дүүргийнхэнд маш  том боломж өгч байгаа юм.
Монголд Бид  үйлдвэрлэв ТББ гэсэн үүнд их ач холбогдол өгч байна. Яагаад Чингэлтэй үүргийг сонгосон юм бэ гэхээр маш олон өрхийн үйлдвэрлэгч ихтэй дүүрэг. Ялангуяа хөнгөн үйлдвэр оёдолын салбарт үнэхээр юм хийх хүсэлтэй зүтгэлтэй хүмүүсээ дэмжиж байгаа юм. Бид заавал өөрөө оёдлын цехтэй, татвар төлдөг оёдолчин байна гэж өндөр шаардлага тавихгүй.  Та зүгээр юм оёдог оёх чин хүсэлтэй бол манай гишүүн болж харьяалагдаж болно. Бидэнтэй хамтран ажиллаж болно. Бид ийм л хүмүүсийг дэмжих гэж тэдний эрх ашгийг хамгаалж ажиллах гэж байгуулагдсан. Энэ үүргээ биелүүлж олон хүнийг ажилтай орлоготой болгохыг хичээж байна.

-Чингэлтэй дүүргийн уран үйлчид хэзээ тодрох вэ?

-Шалгаруулалт 10 сарын 29-нд болно. Нийслэлийн баярыг тохиолдуулан хийхээр төлөвлөсөн. Оролцох сонирхолтой хүмүүс Чингэлтэй дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэстээ очиж бүртгүүлээд оролцох боломжтой.

-“Уран үйлчин” уралдаанд оролцсон оёдолчин бүр цолтой болно. Үүнээс гадна ямар боломж шагнал хүлээж байгаа бол?

-Ийм том шагналын сантай ийм өндөр ач холбогдолтой, үр дүн нь оролцогчид доо өгөөжтэй уралдааныг би лав мэдэхгүй.  Оролцсон бүх оёдолчид “Уран үйлчин” гэдэг цол авна. Яагаад гэвэл оёдолчин бүхэн уран байж чадахгүй. Энэ бол үе дамжиж ирсэн манай Монголын бас нэг соёлын дархлаа шүү дээ. Ийм л авьяастай хүмүүсээ бид алдаршуулж олонд таниулж байна. Чингэлтэй дүүргийн аварга уран үйлчин  гэж цоллогдож явна. Тэгээд дээр нь Тэргүүн дэд аварга уран үйлчин буюу 3-р байрын шагналд 100,000 төгрөг оёдлын машин,  Тэргүүн аварга уран үйлчин буюу 2-р байрын шагналд 300,000 төгрөг оёдлын машин, Аварга уран үйлчин буюу 1-р байр 500,000 төгрөг оёдлын машинаар шагнуулж байгаа юм.

Үйлдвэрлэл эрхлэх тоног төхөөрөмжийг нь эргэлтийнх нь мөнгөтэй шийдэж өгч байна гэж хэлж болно.

Дараагийн арга хэмжээ нь судалгаан дээрээ үндэслэн аль хороон дээр төрөлжсөн цех байгуулах вэ гэдгээ шийднэ. Үүнийг дагасан ажлын байр шинэ шинэ бүтээгдэхүүн гарна. Үүн дээр нэмж хэлэхэд  Монгол улсын төрөөс үйлдвэрлэл үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэж төсөвлөж байгаа мөнгө жинхэнэ хүрэх ёстой газраа хүрэхгүй байна. Үйлдвэрлэл дэмжих бодлого нь очих ёстой газраа очихгүй байна. Үнэхээр энэ салбарыг хөгжүүлмээр байгаа бол санхүүжилтийг жинхэнэ үйлдвэрлэгч нартаа өгөх хэрэгтэй. Ингэвэл үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгж шинээр хүн аваад сургах, шинэ ажлын байр бий болгоход эрсдэл бага хүлээнэ. Төр засаг ч гэсэн эргээд танайд хэдэн хүний ажлын байр  бий болов гээд хариуцлага нэхэхэд буцаад буух эзэнтэй байна шүү дээ.

-Үндэсний үйлдвэрлэгч нар маань дор бүрнээ их бага хэмжээгээр үйлдвэрлэл явуулаад эрвийх дэрвийхээрээ зүтгээд л байна. Энд  төрийн ямар бодлого тусламж дутагдаж байна вэ?

-Аливаа үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зөв бодлого чиглэл хамгийн чухал. Үндэсний брэнд гэдэг нь ердөө л дотоодын үйлдвэрлэл шүү дээ. Монгол улс үйлдвэрлэлгүй болсон эдийн засгаа урд хөршдөө атгуулчихсан ийм цаг үед л бид үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлчих гээд зүтгээд яваад байна. Тэрнээс биш ашгийн төлөө ажиллах юм бол Хятадад захиалж оёулаад  шошгоо наагаад зарж болно шүү дээ. Ингэж байгаа олон газар байна Монголд бүтээсэн гэдэг худал нэртэй. Бид нар өнөөдөр хэрэглэгчдээс олон янзын үг сонсдог. Муу байна. Чанаргүй байна. Оёдол ийм байна гээд шүүмжилдэг. Анх Тоёото компани яаж байгуулагдаж байсан юм. Анхных нь машин 10 км ч явахгүй зогсоод л дахин дахин засвар хийж алхам алхмаар сайжруулж байж бий болсон. Өнөөдөр бид нар ч гэсэн оёдолчдоо болохгүй байна чадахгүй байна гээд тоохгүй хаяад яваад байвал хэзээ хөгжиж сайжрах юм. Үйлдвэрлэгч нар маань сайжрах хэрэгтэй. Өнөөдөр Монголчуудын сэтгэлгээ үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжье гэсэн сэтгэлтэй болсон байна. Мэдээж хажуугаар нь саар зүйл байна. Үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг чинь ердөө худалдан авалт шүү дээ. Төр засаг энэ тал дээр нь бодлогогоор дэмжих хэрэгтэй. Өнөөдөр Монголын эдийн засгийг хэдэн үйлдвэрлэгч нар л нуруун дээрээ үүрч явна шүү дээ. Монголын эдийн засгийг хэн өөд нь татах юм бэ. Бид нар өөрсдөө л хөдөлмөрлөж байж өөд нь татна. Тэрнээс биш Дэлхийн банк ОУВС өөд нь татахгүй шүү. Тиймээс жинхэнэ үйлдвэрлэгч нартаа бодлогоор туслаад дэмжээд өгөөч ээ гэдэг зүйлийг л хэлмээр санагдаж байна.

-Та Монголын олон мянган оёдолчин, үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийн нэг төлөөлөл. Таныг өчигдөрхөн болж өнгөрсөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны чуулганд нэлээн шүүмжлэлтэй хандаж байгааг харсан?

– Юмыг өөрчилье гэж бодож байгаа бол оролцоо байх хэрэгтэй юм. Оролцож үзэл бодлоо хэлж байж засаж залруулна. Хүн мэдэхгүй байж болно шүү дээ. Доромжлохоосоо илүү шүүмжлэх хэрэгтэй. Гэхдээ зөв шүүмжлэх хэрэгтэй. Би бүх эмэгтэйчүүддээ Хятадад үйлдвэрлэв гэсэн малгай ороолт тараахад нь эгдүүцсэн юм. “Хятад малгай тэргүүндээ залахгүй” гээд хэлчихсэн. Гэтэл Хятад малгай гэдэгт нь ач холбогдол өгөөд шуугиад байхаас бус Монголын эмэгтэйчүүдийн холбоо юу хийж байгаа юм бэ гэдэгт яагаад ач холбогдол өгөхгүй байгаа юм бэ. Сошиол ертөнцөөр давлагаалахдаа хүртэл учиртай давалгаалах хэрэгтэй. Өнөөдөр асуудлыг мушгиж хагалан бутаргах гэсэн хүмүүсийн хүчийг тарамдуулах гэсэн явуулга их явагдаж байна. Өөрчлөлт хийе гээд ерөнхийлөгч нь хүртэл хэлээд байна. Тэгвэл өөрчлөлт хийхэд хүн бүрийн оролцоо хэрэгтэй шүү дээ.

Монголын эмэгтэйчүүдийн чуулганд ороход 108 төгрөг тушааж орж байгаа юм. Би бол их юм бодож очлоо. Хэдхэн жилийн дараа 100 жилээ угтах гэж байгаа холбоо шүү дээ. Хүүхэд байхад их л том холбоо шиг санагддаг байсан. Гэтэл чуулган нь болох гэж байгаа гэдгээр нь энэ холбоо маань байдаг юм байна гэж мэдлээ. Гэхдээ ямар ч хүчгүй  нийгэмд байгаа байхгүй нь мэдэгдэхгүй ийм байхаар эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь нь хүртэл  ганхаад ирж байгаа юм. Эмэгтэйчүүдийн талцал хуваагдал дээд цэгтээ хүрчихсэн. Нам болгон хажуудаа эмэгтэйчүүдийн байгууллагатай болчихсон гэх мэтээр маш олон тархай бутархай байгууллагууд байгаад байна. Энэ бүхэнд хүч нь хуваагдаад байна. 3 сарын 8 бол эмэгтэйчүүд цэцэг аваад дарс уудаг өдөр биш шүү дээ. Сүхбаатарын талбай дээр эмэгтэйчүүд очоод нүцгэлэхээс илүү яаж эсэргүүцлээ илэрхийлэх юм бэ. Энэ үед эмэгтэйчүүдийн холбо нь яаж оролцсон юм. Би бас гоморхож явдаг. Татварын бодлого нь буруу дарамт ихтэй, үйлдвэрлэл явуулахдаа авилга өгөхгүй гэж л би эсэргүүцсэн. Үйлдвэрлэлийг томруулах бодлогогүй юм байна дарамт их байдаг юм байна гээд энэ бүхнээс болж л эсэргүүцэл зарлаж байсан. Гэтэл намайг өмөөрөх ёстой холбоо нь байхгүй. Харин ч нийгэмд маш буруу ойлголт тарсан. Энэ нэг хүүхэн чинь татвар төлөхгүй гэж байна. Өчнөөн зээл авчхаад зээлээ төлөхгүй гээд байна гэх мэтээр. Ингэж байхад намайг өмгөөлж хамгаалж надтай хүчээ нэгтгэх ёстой холбоо таг чиг байсан. Малайзад амиа алдсан Алтантуяа гээд бүсгүй байна. Аав нь л гүйгээд байсан. Бүхэл бүтэн хил дамнасан том хэргийн хохирогч Монгол эмэгтэй болчхоод байхад Монгол улсын эмэгтэйчүүдийн хамгийн том  холбоо нь хаана байсан юм бэ. Монгол улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үүрэгтэй байгууллага нь байдаг юм байна гээд чуулганд нь очоод суухад үгээ хэлэх ч боломж олгохгүй  тийм хэлэлцүүлэг гэж байдаг юм уу. Тэгээд мэдээлэл авъя гэхээр та манай гишүүн биш учраас танд мэдээлэл өгөхгүй гээд сууж байдаг. Дөнгөж өнөөдөр төрсөн нялх охиноос эмгэд хөгшид хүртэл бүх л эмэгтэй хүн бүр энэ холбооны  хамгаалалтад орох ёстой биш гэж үү. Үүнд л би шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Гэхдээ өнөөдөр бүх зүйлийг буруу зөв үгүй шүүмжилж харлуулдаг хүмүүс их болжээ. Хамгийн гол нь үйлдлээрээ оролцоогоороо үүнийгээ илэрхийлэх ёстой.

-Тантай ижил байр суурь илэрхийлж байгаа олон эмэгтэйчүүд байх шиг байна. Ямартаа ч МЭХ хурлаа хийгээд шинэ ерөнхийлөгчтэй болчихлоо… ?

 – Намайг цагаан хадаг бариад бууж өгсөн гэдэг. Бууж өгсөн юм биш шүү. Төртэй гээ тэрсэлж болохгүй. Монголын төрд анхны цагаан хадгийг Майцэцэг барьсан. Тэгвэл хоёр дахь хадгийг Ардын уран зохиолч Т. Галсан гуай Худалдаа хөгжлийн банкны захиралд барьж байна л ээ. Энэ бол бууж өгч байгаа хэрэг биш. Ёжлоод байгаа хэрэг юм ш дээ.

Би 2015 онд  “Эксклюзив” брэнд миний компани сайн яваасай гэж боддог байсан бол одоо Монголын хөнгөн үйлдвэрийн салбар хөгжөөсэй, Монгол эмэгтэйчүүд ажилтай орлоготой байгаасай гэж, хэн нэгний халамжийг, гарыг харж суухгүй  байгаасай гэж зүтгэдэг болсон. Тиймээс л ТББ байгуулсан. Байгууллагынхаа зорилгыг зүгээр цаасан дээр тунхагийн чанартай байлгахыг хүсээгүй учраас “Уран үйлчин” уралдаанаа зохион байгуулсан. Ерөнхийлөгч оёдолчдыг цуглуулаад чуулган хийхэд би  оролцоогүй. Тэр ч байтугай манай ТББ-аас оролцох байсан 1000 оёдолчноо би ирүүлээгүй юм. Яагаад гэвэл ямар ч үр өгөөжгүй чуулган. Ийм зүйлд цаг хугацаагаа алдаад замын зардлаараа хохироод ирэх ямар шаардлагатай юм. Тэрний оронд нэг ч гэсэн хүнийхээ захиалгыг гүйцэтгээд сууж байг л дээ. Миний Эмэгтэйчүүдийн холбоог шүүмжлээд байгаа бас нэг шалтгаан энэ. Чуулганд оролцох эмэгтэйчүүд 108 мянган төгрөг ний мандат авч орно. За би яахав Улаанбаатарт байгаа хүн аваад орлоо. Гэтэл хаа байсан Баян-Өлгий Ховдоос ирж байгаа эмэгтэйчүүд яахав.  Замын хоол унааны мөнгө энд байх буудал, дээр нь хүнд муугаа харуулахгүйн тулд дээл хувцсаа бэлдэх гээд дор хаяж 300-500 мянган төгрөг гарсан. Гэтэл тэр тараасан малгай нэг нь 12 мянган төгрөгний үнэтэй юм байна.  Тэгвэл тэр 12 мянган төгрөгийг олох гэж нэг малчин эмэгтэй ямар ажил хийх вэ. 1 кг ааруул 12 мянган төгрөг. Нэг кг ааруулыг хийхийн тулд дор хаяж 50 ямаа сааж байж түүнээс гарсан сүүгээр аарц хийж ааруул болгоно гээд маш их  хөдөлмөр гарч байгаа биз дээ. Гэтэл энэ мөнгийг яагаад ийм үр ашиггүй зүйлд зарцуулж байгаа юм. Битгий ингэж хүмүүсийг хөлдөө чирээч. ТББ ямар үүрэгтэй юм бэ тэрийгээ тодорхойлж түүнийхээ төлөө ажиллах ёстой болохоос биш болсон болоогүй хурал цуглаан хийж мөнгө босгодог гишүүддээ болсон болоогүй бараа шахдаг газар  биш. Тэгж юм өгмөөр байсан юм бол дээшээ харсан сав гэж бэлгэдээд аяга өгчихгүй дээ гэж би хэлмээр байна. Эсвэл өвөл болж байна ш дээ ноосон малгайгүй өгөхгүй дээ. 12 мянган төгрөг ний малгайг 3 мянган эмэгтэйд өгсөн гэхээр 36 сая төгрөг зарцуулсан байна. Энэ мөнгөөр хэдэн эмэгтэйн амьдралыг өөд нь татаж болох вэ. Саяхан дорнодод 3 хүүхэдтэй эмэгтэйг сумын иргэн твитерээр дамжуулаад мөнгө цуглуулж 4 сая төгрөгөөр иж бүрэн гэр оронтой болгоод өгчихлөө. Манай ТББ ирэх 7 хоногоос очиж тэр эмэгтэйд ажил олгох гэж байна.

Энэ мэтээр 36 сая төгрөгөөр хэдэн эмэгтэйд бодит тусламж үзүүлж болох байсан бэ?

Ингээд энэ ажлаа хурал дээрээ тайлагнах ёстой биз дээ.   Хэрвээ тэр холбооны хүмүүс хөдөлмөрлөдөг байсан бол арай ийм юм хийхгүй байх байсан.  Өчнөөн олон жилийн түүхтэй энэ том холбоог ингэж авч явмааргүй л байна. МЭХ-д элсэж гишүүн байгууллага болохын тулд манай ТББ өргөдөл бичиж өгнө. Тэр өргөдлийг МЭХ тухайн оныхоо 2 сард анхан шатны хэлэлцүүлэгт оруулна. Хурлаас өмнө манай үйл ажиллагаатай танилцана. Эхний шатны хурлаар орж хэлэлцээд тэндээсээ тэнцэх юм бол удирдах зөвлөлөөр нь хэлэлцэж байж гишүүнээр авах эсэхээ шийднэ. Ингэж гишүүн болсон байгууллагууддаа тайлангаа тавина гэж байгаа юм. Ийм байж болохгүй ээ. Гэхдээ энэ бүхэн өөрчлөгдөнө. Би итгэл найдвараа алдаагүй учраас л зүтгээд оролцоод хэлээд шүүмжлээд яваад байгаа юм. Сайхан болно. Би итгэж байна.

–       Өнөөдөр Монгол улсыг тэжээх салбар нь уул уурхай, байгалийн баялаг гээд төр засгаараа хошуураад байдаг. Гэтэл ард иргэдэд үр ашгаа өгсөн зүйл байдаггүй. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

– Байгалийн баялаг, уул уурхайн ашиг бид нарт хувийн хэвшлийнхэнд ямар ч хүртээлгүй шүү дээ. Тэндээс орж байгаа татварын мөнгийг төрийн албан хаагчид л хүртдэг байх. Баялгаа гаргаад байна худалдаад ашиг олоод байна гээд байдаг.Ямар ч хурааж хуримтлуулсан зүйл байхгүй хамаг цалингаараа үнэтэй булга аваад өмсчихдөг айлын авгай шиг л зарцуулж байна шүү дээ. Өрнөөс өрний хооронд. Манай улс төрчид эх оронч баймаар байна. Монгол улсаа боддог баймаар байна. Өнөөдөр Монголд  үйлдвэрлэл шиг чухал юм байхгүй. Ойрын хугацаанд ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Хүмүүсийн хийж байгааг боломжоороо чадаж байгааг нь дэмжих хэрэгтэй.  Иргэн баян бол төр баян Ажлын байрыг л болгох хэрэгтэй болохоос биш халамж биш. Өнөөдөр тэр танхимд сууж байгаа эрхмүүд та нарыг сайхан амьдруулна амьдралыг чинь дээшлүүлнэ гэж гарсан биз дээ.  Өнөөдөр залуучуудын амьдралын зорилго нь 2 өрөө байр болчхоод байна шүү дээ. Залуу хүмүүсээ дэмжмээр байна. Монголдоо тогтвор суурьшилтай ажил эрхлэж байгаа залуусаа түрээсийн байранд сарын 400-700  мянган төгрөгөөр оруулчих л даа. 20 жилийн дараа тэр байрыг нь өөрсөд нь өгчих. Тэгвэл залуучууд Солонгос руу яваад залуу гэр бүл салахгүй шүү дээ.

Ингээд шүүмжилмээр зүйл их байна. Зүгээр нэг жишээ хэлэхэд Зөрчлийн хууль нь иргэдээ хамгаалах гэхээс илүүтэй төсвийн орлогыг бүрдүүлэх гэсэн зорилготой хууль юм шиг санагддаг.  Дандаа ард иргэдээ торгож байдаг.

Монголчууд үнэхээр хүлцэнгүй байна. Бидний өмнөөс дуугарах ёстой бидний эрх ашгийг хамгаалах ёстой тэнд сууж байгаа хүмүүс юу хийж байгаа юм. Ард иргэдээ улс төртэй хутгуулахгүй баймаар байна ш дээ. Би ч гэсэн тайван ажлаа хийгээд хувцасаа оёод явмаар байна ш дээ. Гэтэл тэсэхгүй ТББ байгуулаад түмний төлөө явахаас өөр аргагүй болоод байна шүү дээ. Бид нар яахав гэхэд ирээдүйгээ ингээд орхиж болохгүй. Ийм нийгмийг бий болгож болохгүй.Сая Монголд Польшоос миний танидаг хэдэн бизнесмэнүүд ирлээ. Цонжин болдогоо үзүүллээ. Энэ манай одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгын бүтээсэн цогцолбор гээд л. Дараа нь хоол идэхээр Хаан жимс орлоо. Энэ манай экс ерөнхий сайд Н.Алтанхуягынх л гэлээ.  Асемын хорооллыг хараад энд хэн амьдардаг юм бэ гэж асууж байна. Мөн л манай томчууд байнаа л гэлээ. Үүнийг сонсоод толгой сэгсэрч байна. Манай улсад бид дандаа төрийн түшээдээ хардаж хяналтандаа байлгадаг. Гэтэл тэд танай улсын улс төрчдийг бодвол үнэхээр гэмгүй юм байна. Манай улсад төрийн албан хаагч хувьдаа бизнестэй байхыг зөвшөөрдөггүй гэж байна. Бас нэг гайхсан зүйл нь танай УИХ-ын гишүүд хөдөө орон нутгаас сонгогддог биз дээ. Тэгээд яагаад Улаанбаатарт амьдардаг юм бэ гэж. Польшид бол тухайн сонгогдсон тойрогтоо ажиллаж амьдардаг. Чуулгандаа суух хуралдах гэж л нийслэлдээ ирдэг юм байна. Гэтэл Монголд эсрэгээрээ.Үүнийг сонсоод бас сонин л санагдаж байгаа биздээ.

–       Үндэсний үйлдвэрлэгч нар хүчтэй болох хэрэгтэй байна. Өөрийн зах зээлээ хамгаалж үлдэх хэрэгтэй байна. Ийм боломж байгаа юу?

-Өнөөдөр оёдолчдын цалин сарын 1 саяас 1,5 сая байх боломжтой. Гэхдээ бидэнд олон асуудал бий. Ялангуяа борлуулалтын тал дээр. Бид нар гаднаас татваргүй орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх шаардлагатай болдог. Гэтэл НӨАТ буюу е–баримт гэдгийг гаргаад ирсэн. Е –баримт өөрөө эцсийн үйлдвэрлэгч төлдөг зүйл. Бүтээгдэхүүндээ 10 хувь нэмж зарахаас өөр аргагүй болдог. Гэтэл ийм бүтээгдэхүүнээр татваргүй орж ирж байгаа бараатай өрсөлдөхөд үнийн хувьд харьцангүй болчихдог. Үнэхээр л е-баримтаар явах юм бол бүх байгууллага л НӨАТ-төлөгч байх ёстой. Төр муу ажлаад байвал ТББ байгууллагууд нь оролцоод эхэлдэг юм байна. Жишээлбэл Босоо хөх Монгол гээд ТББ байна. Байгаль орчинд хор хөнөөл учруулаад нөхөн сэргээлт хийхгүй байгаа компаниудад очиж шаардлага тавьдаг. Тэрэн шиг манай байгууллага бас ийм агентуудтай болоод гарал үүслүүдийг  тодорхойлъё гэж бодож байгаа. Гаднаас татваргүй орж ирж байгаа бараануудыг олоё. Сурагчийн дүрэмт хувцас төр бодлогоор хэрэгжүүлсэн төсөл шүү дээ. Төслийн хүрээнд Монголд л хэрэгжих ёстой. Гэтэл урдаас орж ирээд байна. Хятадад үйлдвэрлээд байна. Болно. Үйлдвэрлэгч муу байвал мэдээж зах зээлээ алдана.  Гэхдээ татвараа төлөөд орж ирэх ёстой. Тэгээд Хятадад үйлдвэрлэсэн гэдгээ хадах хэрэгтэй. Тэгээд сонголтыг ард түмэн хэрэглэгч өөрөө хийнэ. Би Польшид худалдааны чиглэлээр суралцсан. Манай багш аливаа барааг яг байгаагаар нь хэрэглэгчдэд сурталчлах ёстой. Тэрнээс хэтрүүлсэн сурталчилгаа худлаа мэдээлэл хийж сурталчилбал хэрэглэгчдийг хуурсан болдог гэж заадаг байсан. Яг л энэ зарчим үйлчлэх ёстой. Бид нар Хятад Хятад гээд л буруутгаад байдаг. Яг үнэндээ Хятадуудыг буруутгаад байх зүйл байхгүй шүү дээ. Монголчууд өөрсдөө л Хятадуудруугаа гүйгээд байдаг. Энэ чуулган дээр тараасан малгайгаар жишээ аваад бодоод үз. Ямар ч Хятад тэр малгайг тэвэрч орж ирээд шахаагүй ш дээ. Бид нар өөрсдөө очоод мөнгөө төлөөд л авч байгаа юм . Тэгэхээр бид нарт өөрсдөд маань асуудал байгаа юм. Алдаагаа өөрсдөөсөө хай. Өөрсдөө эхлээд өөрчлөгдөх хэрэгтэй.

-Тэр өөрчлөлт удахгүй ирэх байх?

-Мэдээж тэгнэ гэж итгэж байна. Оргүй хоосноос эхэлж байсан миний хийсэн ажил нүдэнд минь харагдаж байна. “Эксклюзив”- ын араас маш олон Монголын гэсэн нэртэй брэндүүд төрж байна. Залуучууд маань “ та бидэнд урам өгсөн шүү” гэж хэлдэг. Ийм үг залуучуудаасаа сонсоно гэдэг сайхан ш дээ. Ирээдүйг өөрчлөх олон сайхан залуус байна. Гэхдээ бас болохгүй байгаа юм ч байна. Дөнгөж сая  Төрийн албан хаагчийн ажлын цаг өглөө 09 цагт эхэлнэ гэж байна.  Яагаад хойшоо ухраад байгаа юм. Яагаад 07 цагт ажлаа эхэлж болохгүй гэж. Эрт босвол нэгийг дуулна гэдэг биз дээ. Польшид үйлдвэрүүд 06 цагт эхлээд 02 цагт тардаг байсан. Ажил 7 цаг эхэлбэл 3 гээд тарна болохгүй юм юу байгаа юм бэ. Бид нар яагаад ийм шийдвэр гаргадаг хүмүүсээр амьдралаа шийдүүлэх гээд сонгоод байдаг юм бэ.  Хэрвээ бид нар саналаа луйвардуулчихдаг юм бол яагаад тэмцэхгүй байгаа юм. Хэрвээ саналаа худалдаад байдаг юм бол одоо больё. Сайхан амьдрахын төлөө өөрчлөгдье. Бид нар өөрчлөгдөж байж нийгэм өөрчлөгдөнө.  Амьдрал бид нараар дуусахгүй. Бидний үр хүүхэд байна шүү дээ.

Өөрчлөлтүүдээ хүчээр биш ухаанаар л хийчих юмсан. Өнөөдөр миний хэлж ярьж байгаа бүхэн хүмүүст таалагдахгүй надад дургүй хүн байж болно гэхдээ буруу зүйлийг бид өөгшүүлж болохгүй. Намчирхаад талцаж хуваалцаад байх ч шаардлага байхгүй. Бид нарыг Монгол гэсэн зургаан үсгэн дотор л багтаж байгаа шүү дээ гэдгийг л бүх хүмүүст хандаж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа танд амжилт хүсье

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН