Нүүр хуудасМэдээОХУ шатахуун нийлүүлэх боломжгүй, БНХАУ хилээ хаасан...хот дөрөв хоногийн л нөөцтэй

ОХУ шатахуун нийлүүлэх боломжгүй, БНХАУ хилээ хаасан…хот дөрөв хоногийн л нөөцтэй

Дотоодын шатахууны нэг сарын нөөцийг БНХАУ-аас импортоор бүрдүүлэхээр аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулан мөнгөө шилжүүлжээ. Тиймээс  вагон тавих хүсэлтийг БНХАУ-ын Элчин сайдад уламжилсан тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээллээ. 

Манай улс сард 38-40 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг бөгөөд үүний 95 хувийг ОХУ-аас, 5-10 хувийг БНХАУ-аас импортолдог байна. ОХУ-ын Роснефть компаниас сар бүр 28 мянган тонн АИ-92 автобензин импортлох харилцан үүрэгтэй гэрээтэй. Гэтэл энэ компанийн гол нийлүүлэгч Ангарскийн нефтийн комбинатад засвар хийгдэж байгаагийн зэрэгцээ цар тахлын нөхцөл байдлаас хамаарч есдүгээр сард 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн байна. Гэвч өчигдрийн байдлаар, ОХУ-ын Роснефть компани манай улсад есдүгээр сарын 16 хүртэл 7400 тонн АИ-92 автобензин нийлүүлсэн бөгөөд үлдэгдэл шатахууныг нийлүүлэх боломжгүйгээ өчигдөр мэдэгджээ.

Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдал, нийт хэрэглээг хангахын тулд дотоодын таван ААН, БНХАУ-ын Чайна ойл компанитай гэрээ байгуулжээ. Тодруулбал, Петровис, Шунхлай, Магнай трейд, Содмонгол, Лекс ойл зэрэг компани гэрээ байгуулан шатахууны нэг сарын нөөц бүрдүүлэх мөнгийг шилжүүлж вагоны кодоо баталгаажуулсан гэнэ.

ОХУ-ын дутуу нийлүүлсэн шатахууны үлдэгдлийг БНХАУ-аас авахаар төлөвлөж байсан. Хятадын талаас Монгол руу их хэмжээний ачаа барааг яаралтай татан авч байгаа тул төмөр замд вагон тавих боломжгүй, 10 дугаар сар хүртэл хойшлуулах саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нөхцөл байдлаас хамаарч манай аж ахуйн нэгжүүд өчигдрөөс автобензиний хэрэглээнд хязгаарлалт тавьсан гэдгийг салбарын сайд хэлж байна.  

БНХАУ-ын Элчин сайд Цай Веньруйтай Шадар сайд С.Амарсайхан, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл уулзаж, вагон тавих асуудалд яаралтай туслахыг хүсчээ.

Энгийнээр хэлэхэд импортоор орж ирэх ёстой шатахуун Хятад улсын дотоодын ачаа тээврийн ачаалал их байгаагаас вагон тавьж нийлүүлэх боломжгүй болсон байна. Үндсэндээ аравдугаар сар хүртэл ямар ч боломжгүй, урд хөршид еэвэнгийн баяр болж байгаа учраас хилээ хаасан.

Одоо нийслэл шатахууны 16 хоногийн нөөцтэй, тэр дундаа өргөн хэрэглэдэг АИ92 автобензины дөрөв хоногийн нөөцтэй үлджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН