Нүүр хуудасМэдээОюутолгойн зэсийн үйлдвэрлэл 23%, алтных 78%-аар буурав

Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл 23%, алтных 78%-аар буурав

Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани оны эхний улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Уг мэдээлэлд өгүүлснээр Оюутолгой эхний улиралд нийт 164.5 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Үүнд 35.2 мянган тонн зэс, 26.15 мянган унц алт, 214 мянган унц мөнгө агуулагдсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад зэсийн гарц 23%-аар, алтных даруй 78%-аар, мөнгөнийх 13%-аар буурсныг илтгэнэ. Гэхдээ энэхүү бууралт нь ил уурхайн агуулга багатай үеийн олборлолт руу шилжин орсонтой холбоотойг тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл металын агуулга баялагтай 4а болон 6а үе шатнаас агуулга багатай 4b болон 6b үе шат руу орсон нь гарц буурахад голлон нөлөөлжээ.

Туркойз Хилл-ийн Гүйцэтгэх захирал Улф Куэлманны мэдэгдэж буйгаар ирэх оноос уурхайн зэс, алтны агуулга өндөртэй хүдрийн хэсэг рүү орсноор ялангуяа алтны гарц огцом өсөх ажээ.

Баяжуулах үйлдвэрт оруулсан хүдрийн биет оны эхний улиралд 17%-иар өсч 10.9 сая тоннд хүрсэн нь хүдрийн олборлолт нэмэгдэж, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны үр ашиг нэмэгдсэнтэй холбоотой ажээ. Энэ оны үйлдвэрлэлийн зорилтот хэмжээ төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг компани онцолсон байна. 2020 онд Оюутолгой уурхайгаас 140-170 мянган тонн зэс, 120-150 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм.

COVID-19-ийн нөлөөгөөр Хятадын эдийн засаг суларсан нь оны эхний хоёр сард борлуулалт саарахад хүргэсэн ч гуравдугаар сард худалдаа эргээд сэргэж, төлөвлөгөөнөөс давсан тухай Туркойз Хилл мэдээллээ.

Гэхдээ баяжмал тээвэрлэлт шинэ коронавирустэй холбоотойгоор удаашралтай байгаа ч борлуулалтад үүсээд буй нөлөөллийг бууруулахаар Монгол, Хятадын Засгийн газартай нягт хамтран ажиллаж байна гэдгийг дурджээ.

Шинэ коронавирустэй холбоотойгоор ил уурхайн олборлолтод ямар нэг саатал гараагүй ч далд уурхайн бүтээн байгуулалт удаашралд ороод байгаа ажээ.

Гуравдугаар сард далд уурхайн нэвтрэлтийн ажил 1,939 метрээр ахисан бол оны эхний улирлын хэмжээнд сард дунджаар 1,815 метрээр нэвтрэлт урагшилжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН