Нүүр хуудасМэдээ"Рио Тинто Монгол' ХХК-тай хамтран гэр хорооллын 2 байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

“Рио Тинто Монгол’ ХХК-тай хамтран гэр хорооллын 2 байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Рио Тинто Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн тохижилтын хүрээнд хоёр талт гэрээ байгууллаа.

Хоёр талт гэрээнд нийслэл, “Рио Тинто Монгол” ХХК-иас хүлээсэн үүргийг тусгажээ. Тодруулбал, нийслэлээс эрчим хүч, цахилгаан хангамж, дэд бүтэц, хашаа, хайс болоод тухайн бүсэд байгаа аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдэж, тохижилт хийхэд ямар нэг саад учруулахгүй байх үүргийг хүлээжээ. Харин “Рио Тинто Монгол” ХХК тохижилттой холбоотой санхүүжилтийг шийдэж, иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, ногоон байгууламжийг бий болгох үүрэгтэйгээр хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн тохижилтыг 2023 оны 7 дугаар сард дуусгахаар төлөвлөжээ.

Энэ удаагийн гэрээнд тусгасан нэг чухал зүйл нь гэр хорооллын бүсийн 2 байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Засаг дарга Д.Сумъяабазар “Гэрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилтоос гадна нийслэлийн хамгийн олон хүн ам оршин суудаг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай заасан. Явган болон дугуйн зам, тохижилт, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулахдаа хотын өнгө үзэмжид эергээр нөлөөлөх, экологийн тэнцвэрийг хангахуйц мод, бут тарьж, тохижуулах санал тавина.  Төвийн дүүргүүдийн хувьд нөөц бололцоогоороо цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжаа нэмэх боломжтой” хэмээв.

Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн байршлыг нарийвчлан тодорхойлж, ТЭЗҮ-ийг нь боловсруулан, тендер сонгон шалгаруулалт зарласны дараа ирэх ондоо багтаан тохижуулах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН