Нүүр хуудасНийтлэлСар шинээр гар цайлгах болон, хувцаслах ёсон

Сар шинээр гар цайлгах болон, хувцаслах ёсон

 ЦАГААН САР гэдэг нь хатуу өвлийг өнтэй давж урин цагаа угтан авч байгаагын баяр төдийгүй ураг садан ижий аав ахан дүүсээ хүндлэн төрөл саднаа мэдэлцэх том ураг садны баяр гэж хэлдэг. Дээр нь шинээр учран золгож буй жилдээ өнгөтэй өөдрөг байхыг бэлгэдэн бүх зүйлийг шинэ элбэг дэлбэг байлгаж ирэх жилийнхээ өнгийг шинждэг уламжлалтай. Тиймээс Монголчууд сар шинээр  цагаан бѳс торго, хурган, сэгсүүргэн дээл ѳмсч гоёдог байжээ. Энэ ёс өнөөг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд цагаан сараар аль болох шинэ дээл хувцас өмсөхийг хичээдэг билээ.

Мөн цагаан сараар хар бараан хувцас өмсөхийг цээрлэдэг байна. Сүүлийн үед Монголчууд үндэсний хувцас дээлээ өмсөхийг эрхэмлэдэг болсон билээ.

Гар цайлгах ёс буюу бэлэг өгөх нь сүүлд үүссэн ёс хэмээн үзэх нь бий. Эхэндээ хүүхэд настайчууд болон ирээгүй удсан холын гийчний гарыг цайлгадаг ёс байжээ. Ингэхдээ хошуу торгонд хэвийн боов, хавсай, бяслаг аарул цагаан идээ боож ѳгдѳг байжээ.

Сүүлийн жилүүдэд бэлэг өгөх ёсийг халах тухай их яригдах болсон. Бэлэг нь үнэ ханш зэрэг зиндаагаараа өрсөлдөх гэсэн хэрэг биш. Өгч байгаа бэлэгний үнэ цэнээс илүү бэлгэ дэмбэрлийг нь чухалчилж өгөхийг хичээдэг билээ. Эдийн дээд  цагаан цайвар өнгө, дээшээ харсан ам амсартайг нь сонгодог байна.  Цагаан сарын бэлгийг зочноо явахаар завдах үед өгөх нь тохиромжтой. Монголчууд хүний өгсөн бэлгийг дордуулахгүй харин нэмүү, чанартай болгож өгөхийг хичээдэг заншилтай. Бэлгийг ахмад настан буюу өрхийн тэргүүлэгчээс нь эхлэн насны эрэмбээр гэрийнхээ үүдэн талаас хоёр гардаж өгнө.

МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор, Хэл бичгийн ухааны доктор Г.Нандинбилиг “Цагаан сарын бэлэг гээд байгаа энэ цогц ойлголт бол юуны өмнө ураг удмынхан, гэр угсааныхны доторх энэ жилийн олз олбороосоо үр хүүхэд, ахан дүүс, эцэг эхдээ “хувь хүртээж” буй уламжлалт ёс, үүний удаагаар худ ургийн юм уу, андын, төр шашны харилцаагаа баталж өгч авч байгаа “бэлэг солилцох” ёс, нутаг усны олон түмэн, орсон гарсан хэн бүхний алга тэнийлгэн “гар цайлгаж” байгаа Монгол түмний ёс болж баяжин хөгжсөөр ирсэн байна.

Хамгийн гол ололт гэвэл Монголчууд түүхийн эрт цагаас “хувь”, “бэлэг” өгөх соёлдоо “цагаан цайвар өнгө зүс”, “өсч үржих тоо”, “тэгш зөв дүрс хэлбэр” гэсэн бэлгэдлийг бодож сонгодог байжээ. Мөн хожим бэлэгний соёлдоо харь соёлын зүйлсийг оруулж шахмал цай идээн”, “үстэй хөрстэй арьс”, “энтэй артай бөс торго”, “мөртэй захтай хувцас”, “өөдөө амсартай сав”, “хос юм” гэх мэт шинэ утгаар тэмдэг бэлгэдлээ баяжуулан хөгжүүлсээр ирсэн байдаг. Харин энэ уламжлал нийгмийн зарим хэсэгт эд барааний өрсөлдөөний шинжтэй болж байгаад судлаачид шүүмжлэлтэй хандаж ирсэн байна” хэмээн нэгэн ярилцлагатаа дурьджээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН