Нүүр хуудасУлс ТөрСонгууль: Хэн юу амлав?

Сонгууль: Хэн юу амлав?

Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй МАН-ын У.Хүрэлсүх, АН-ын С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслийн Д.Энхбат нар  мөрийн хөтөлбөртөө эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх талаар ямар агуулга тусгасныг тольдоё.

У.ХҮРЭЛСҮХ: “Мянганы төмөр зам” бүтээн байгуулалтыг санаачилж, “Атрын IV аян”-ыг эхлүүлнэ

      МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх тухайд мөрийн хөтөлбөртөө “Баялгийн нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх, үндэсний их, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгох, “Монгол шатахуун” хөтөлбөр хэрэгжүүлж, нефтийн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэн, бензин шатахуунаа эх орондоо үйлдвэрлэхийг дэмжинэ” гэсэн байна. Түүнчлэн газар тариалангийн усжуулалт, эрчимжүүлэлт, хөрс хамгаалал, үр мортын ажлыг сайжруулан “Атрын IV аян”-ыг эхлүүлнэ гэжээ. Энэ мэт эдийн засгийн бодлогыг дэмжих тухайд 19 жагсаалт бүхий саналыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Гэвч зарим бодлого, санал нь олон жил яригдаж буй болон хэрэгжүүлээд эхэлчихсэн зүйлс байлаа.

Тодруулбал,

  • Оюутолгойн гэрээг улсын эдийн засаг, ард иргэдэд илүү өгөөжтэй, үр ашигтай болгон өөрчлөх хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангахын төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллана. “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана.
  • Төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлж, үндэсний хөгжлийн бие даасан салбар болгох бодлогыг дэмжиж ажиллана.
  • 10 аймгийн дулааны станцын төслийг дэмжиж, Зүүн Өмнөд Азийн сүлжээнд холбон  эрчим хүч экспортлогч улс болно
  • Инновацийн татваргүй, чөлөөт бүс байгуулах бодлогыг дэмжинэ.
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусган, нефт-химийн аж үйлдвэрийн суурийг тавихад онцгой анхаарч, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэх мэт зорилт тусгажээ.

С.ЭРДЭНЭ: 100 мянган ажлын байр бий болгож, төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд худалдана

С.Эрдэнэ: Өмчгүй хүн эрх чөлөөгүй…

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ Монгол Улсын тусгаар тогтнол, улс орны язгуур эрх ашиг, Үндсэн хуульт ардчилал, парламентат ёсыг бэхжүүлж, Монгол хүний эрх, эрх чөлөө, хуулиа дээдлэх засаглал, чөлөөт зах зээл, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, шударга төрийг бэхжүүлэхийн төлөө “Хувь хүний эрхийг дээдэлсэн Ардчилсан Монгол” хөтөлбөр дэвшүүлсэн байна. Тэрбээр,

  • Эрдэнэт, Оюутолгой зэрэг стратегийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж иргэдэд хувьчлах (худалдах) хууль санаачилна.
  • Ажиллах хүчийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах, ажлын байр олноор бий болгохыг нэн тэргүүний зорилт гэж үзэн зуун мянган шинэ ажлын байр болгох
  • Хувьцаатай иргэн төслийг санаачилж, Төрийн өмчит аж ахуйн нэгжийг нээлттэй хувьцаат компани болгон биржээр иргэддээ хувьчилж (зах зээлийн үнээр худалдах), хувьцааг нээлттэй худалдана.
  • Нийгмийн даатгалын нэрийн дансний тухай хуулийг хэрэгжүүлж, нийгмийн даатгалын өр төлбөрөө шат дараатайгаар бүрдүүлэх нөхцлийг Засгийн газраас шаардана.
  • Хавтгайрсан халамжаас татгалзаж, халамжийг авах шаардлагатай өрх, иргэд рүү төвлөрүүлнэ.
  • Хоёр хөрштэйгөө нэн найрсаг, тэнцвэртэй харилцааг эрхэмлэж, гадаад харилцааны цөм нь эдийн засгийн харилцаа гэсэн идэвхтэй байр суурь баримтална.
  • Эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг байгуулж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн, гадаад худалдааг олон тулгууртай болгоно.
  • Санхүүгийн зах зээлийн хараат бус, бие даасан байдлыг хангуулж, сайн засаглалыг дэмжинэ.
  • Эрчим хүчний эх үүсвэрийн бие даасан сүлжээ нь тогтвортой хөгжлийн суурь гэж үзэн, цаашлаад эрчим хүч экспортлогч улс болоход бодлогын дэмжлэг үзүүлнэ гэжээ.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн эхний 100 хоногт Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай хуулийн төсөл (мөнгө хүүлэлтийн эсрэг, харилцагчийн эрх ашгийг хамгаалах олон улсын сайн жишигт нийцүүлэх) санаачилж, УИХ-д өргөн барина гэсэн байна.

Д.ЭНХБАТ: Финтекийн салбарыг бэхжүүлж, үндэсний корпорацуудыг тэтгэн хөгжүүлнэ

сонин mn

Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын хувьд технологийн дэвшлийг төр, бизнесийн бүх түвшний хэрэглээнд нэвтрүүлж, финтекийн салбарыг бэхжүүлэх бодлогыг дэмжинэ хэмээн орчин цагийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг баримталсан зорилт дэвшүүлжээ. Тодруулбал,

  • Шинэ технологийг шуурхай нэвтрүүлэх буюу блокчэйн, хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн IV хувьсгалын технологийн шийдлүүд, нанотехнологи, биотехнологи, хөдөө аж ахуй, эрчим хүч, химийн болон бусад салбарт технологийн дэвшлийг төр, бизнесийн бүх түвшний хэрэглээнд хурдтай бөгөөд бусдаас өрсөн шийдэмгий нэвтрүүлэх, өрсөлдөөний давуу талыг олж, үр шимийг нь түрүүлж хүртэх бодлого, үйл ажиллагааг дэмжинэ.
  • Эдийн засгаа тэтгэх банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн хүчирхэг тогтолцоог хөгжүүлж, финтекийн салбарыг бэхжүүлж, бүс нутагтаа өрсөлдөхүйц хэмжээний үндэсний корпорацуудыг тэтгэн хөгжүүлэх бодлогыг дэмжинэ.
  • Монголын уламжлалт нүүдлийн ахуйд цахим технологи, эрчим хүчний эх үүсвэр, цэвэр усан хангамж, түүхий эд боловсруулах бичил үйлдвэрлэл гэх мэт орчин үеийн технологийн ололтыг нэвтрүүлэх, малчдын эрүүл, тохьтой орчинд амьдрах, хөгжих, аж ахуй эрхлэх боломжийг сайжруулах, энэ чиглэлд оруулсан хөрөнгө оруулалт татах татварын бодлогыг дэмжинэ.
  • Өрсөлдөх чадвар бүхий уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, түүний бүтээгдэхүүнд суурилсан боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого дэмжинэ.
  • Гадаад өрийн асуудлыг богино болон дунд хугацаанд шийдэх талаар гадаад улсууд, олон улсын эдийн засгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, уул уурхайн салбарын бодлогыг эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг гол салбарын бодлогын түвшинд авч үзэж, олон жил дамжсан улс төрийн популизм, авилгыг бууруулах бодлогыг дэмжиж ажиллана.
  • Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, ажил эрхлэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, ЖДҮ, орон нутгийн хөгжил, орлого хуваарилалт, хүртээмжийн тэгш бус байдлыг бууруулах бодлогыг дэмжинэ.
  • Эдийн засаг, бизнест дарамт учруулахгүй, энгийн ойлгомжтой үр нөлөө бүхий, шударга татварын тогтолцоо, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин, шударга өрсөлдөөн бий болгохыг дэмжинэ гэжээ.

Эх сурвалж: Эргэлт.мн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН