Нүүр хуудасЯрилцлагаСоёл фитнессийг яагаад сонгох ёстой вэ?

Соёл фитнессийг яагаад сонгох ёстой вэ?

 

Соёл фитнесс төвийн ахлах дасгалжуулагч багш Олон улсын хэмжээний мастер, Бодибилдингийн спортын улсын хошой аварга, Ази тивийн хошой аварга, Дэлхийн хүрэл медалийн эзэн Ч.Мянганбилэгтэй ярилцлаа.

Сайн байна уу? Танд хаврын зөөлхөн салхи салхилсан намуухан өдрийн мэнд хүргэе. Ярилцлагаа таны ажлаас эхэлье.

Соёл фитнесс төвийг үүсгэн байгуулагдсанаас эхлэн ажилласаар хоёр гаруй жил болж байна. Монголын анхны Соёл велнесс төвийн нэг хэсэг болох Соёл Фитнесс клуб нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, нэг дор 50-60 хүн зэрэг хүлээн авах хүчин чадалтай, мэргэжлийн өндөр ур чадвартай багш дасгалжуулагч нар хичээл заадгаараа онцлог. Мөн Фитнесс клубт Спиннинг аэробек хосолсон анги, халуун йог ангиуд тус тус хичээллэдэг.. Фитнессийн хувьд цаг харгалзахгүй өглөөний 07 цагаас үдшийн 23 цаг хүртэл ажиллах учир цаг заваа сонгож хичээллэхэд тааламжтай. Мөн эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөөндөө саун, душтэй. Фитнессийг сонирхсон хэн бүхэнд манай хаалга нээлттэй төдийгүй та бүхнийг дадлага туршлагатай багш нар хүлээн авна.

Фитнессээр анхлан хичээллэж буй хүмүүс юуг анхаарах ёстой вэ?

Фитнесээр хичээллэж эхэлсэн хүн багшийнхаа зааврын дагуу бага багаар ачаалал аван хичээллэнэ. Шууд хүндээс эхэлж хэрхэвч болохгүй. Мөн эхлүүлсэн бол тууштай хичээллээрэй гэж уриалмаар байна. Зарим хүмүүс нэг сар хичээллээд үр дүнд хүрээд дуусгана гэж ахархан боддог. Гэв сар хүрэхгүй хугацаанд хичээллэвэл үр дүн бага гарна. Гурваас дөрвөн сар хичээллэж байж бие зохих хэмжээнд өөрчлөгдөнө.  Манай төвийн бэлтгэл сургуулилтын хувьд, багш нар тухайн хүний биеийн онцлогт нь тохируулан дасгалын хөтөлбөрөө гаргадаг. Харин тухайн хүнээс юу шаардагдах вэ гэхээр хооллолт, хичээлээ таслахгүй байх гэсэн хоёр чухал үзүүлэлт. Хоолны дэглэмээ багшийн зааварласны дагуу баривал маш хурдан үр дүнд хүрнэ. Гэхдээ хүн, хүний биеийн онцлогоос ихээхэн шалтгаална л даа.

Танай фитнессийг зоригсод  түлхүү ямар зорилгоор зорьж байна вэ?

Турахаас гадна, бэртэл гэмтэлтэй хүмүүс ирдэг. Тиймээс хүн бүрийн эрүүл мэнд хийгээд биеийн онцлогт тохируулан хичээлийн хөтөлбөр гаргана. Тиймээс багшийнхаа зааварласны дагуу хичээллэвэл үр дүн хурдан гарна. Ингэснээр маш олон хүмүүс өөртөө итгэж идэвхтэй болдог.

Таргалалт Улаанбаатарчуудын толгой өвчин болсон гэхэд хилсдэхгүй. Гоолиг сайхан болсон хэдий ч эргээд таргалаад байна гэсэн асуултууд багагүй байдаг энэ таны бодлоор юутай холбоотой вэ?

Буцаж таргалалтын хувьд хурдан хугацаанд, буруу турсан хүмүүс эргэж таргалахдаа маш хурдан. Тиймээс хурдан хугацаанд эм бэлдмэл болоод буруу дэглэм барихгүйгээр эрүүл зөвөөр жингээ хасаарай гэж зөвлөмөөр байна. Хамгийн чухал нь эрүүл зөв амьдралын хэвшилтэй болсноор та таргалалтыг үүрд мартана.

Таны бодлоор эрүүл зөв амьдралын хэвшил гэж юу вэ?

Эрүүл хооллолтод амьтны гаралтай өөх тос чихэр их хэмжээгээр агуулсан амттай бүтээгдэхүүнээс аль болох татгалзах. Давсыг хэт таргалалттай хүмүүс багасгаснаар эрүүл хооллож эхэлж байна гэж ойлгож болно. Мөн шарсан хуурсан, болон нөөшилсөн бүтээгдэхүүнийг бүр мөсөн хэрэглээнээсээ хасаарай гэж зөвлөмөөр байна. Хооллолтоос гадна хөдөлгөөн чухал байр суурь эзэлдэг. Хүн байгалиас бүтээгдэхдээ идэвхтэй хөдөлгөөнтэй байхаар төрсөн. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх техник хэрэгсэл шинээр гарснаар хөдөлгөөний дутагдалд нэрвэгдэх болсон. Янз бүрийн элдэв төрлийн хүнс, хүнсний бүтээгдэхүүнүүд шинээр хэрэглээнд нэвтэрснээр, эрүүл хүнсээ ялгаж салгахад бэрх болсон цаг. Хүмүүс ихэвчлэн таргалаад эсвэл өвдсөн хойноо хөдөлгөөнтэй байх ёстойгоо ухаардаг. Ингэж хожимдохгүйгээр эртхэн фитнессийг зорьж эрүүл зөв амьдраарай гэж зөвлөе.

Долоо хоногийн хэдэн өдөр идэвхтэй хөдөлгөөн хийх ёстой бол оо?

Долоо хоногтоо 3-4 өдөр л фитнестээ хичээллэхэд таны хөдөлгөөний дутагдлыг арилгана. Тархины цус харвалтаараа манай улс дээгүүрт бичигдэх болсон. Хэрвээ та бүхэн тархиндаа цус харвуулахгүй байя гэвэл өдөрт гуравхан хөдөлгөөн хийхэд л болно гэдэг. Нэгдүгээрт толгойн дасгал, дал мөрөө хөдөлгөх, бэлхүүсээ эргэх дасгалыг найман тоот хий гэж зөвлөдөг. Энэ нь өдөрт өөртөө ганц минутыг ч болов зарцуулж бай гэсэн тохио шүү.

Сүүлийн жилүүдэд залуу үеийнхэн чөлөөт цаг заваа зөв зарцуулах болж ихэнх нь фитнесс клубт цагаа өнгөрүүлэх болжээ. Энэ тал дээр таны байр суурь?

Монголд фитнессийг таниулж, хичээллэн дэлхийн тавцанд гарсан, анхлан хөгжүүлэгчдийн гавьяа их бий. Зөв зүйлрүү тэмүүлдэг залуус маш олон болсон. Нэг үе залуучууд баасан гарагийг алгасдаггүй л байлаа. Одоо харин зав заваа өөртөө зарцуулж чаддаг болсон нь авууштай. Бусдадаа зөв үлгэр дуурайл болж байгаа гэж хувьдаа боддог. Мөн өөрсдийгөө хэрхэн ялан дийлж жингээ хасаж, эрүүлжиж болдгийг фитнессээс бодитоор харж болно.

Өөрийгөө хэрхэн ялан дийлэхэд суралцах вэ?

Өөрсдийгөө ялаад зөв амьдарч буй маш олон хүн байна. Өөрийгөө хэрхэн ялах вэ гэхээр их энгийн ойлголт. Хамгийн гол нь  урдаа тавьсан зорилготой бай. Мөн өдөр, цаг, хором бүр зорилгынхоо төлөө тэмц. Шантармаар үе олон гарна. Тэр тусам зорилгынхоо төлөө тууштай байж өөртэйгөө тэмцээрэй. Фитнесс бол хүнд тэмцэх чадвар хатуужил, тэвчээр заадаг спорт юм. Цагийг хий дэмий хоосон мөрөөдөж өнгөрөөлгүйгээр өнөөдрөөс хийж, бүтээж эхэл. Саяхан манай шавь 83 килограммаас буугаад 57 килограмм болж тэмцээнд орсон бодит жишээ байна. Фитнессээр хичээллэснээр элдэв өвчнөөс хол байна. Гадаад төрхөндөө итгэлтэй болно.

Таны хооллолтын зарчим их сонирхолтой санагдаж байна. та өдөр тутамдаа ямар хоол, хүнс хэрэглэдэг вэ?

Би өглөө босоод Монголын цэвэр зөгийн бал эсвэл хивэг усанд найруулж уудаг.  Энэ нь бүр хэвшил болсон. Бодибилдингийн тамирчин хүний хувьд хооллолт хоёр янз байдаг. Нэг нь тэмцээний үеийн дэглэм. Энэ нь цагаа будаа, гурил, амттан зэргээс эрс татгалздаг. Харин тахианы цээж мах, адууны хар мах, үхрийн өөхгүй мах зэргийг калори багатай ногоотой хольж хоёр цаг тутамд бага багаар иддэг. Харин энгийн үедээ хоол хорихгүй иднэ. Гэхдээ оройн цагаар хооллодоггүй.

Ярилцсанд баярлалаа

Сэтгүүлч: Цэлмэгтэнгэр

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН