Нүүр хуудасБусадТэмээтэй аялагч бүсгүй Баянхонгорт ирлээ

Тэмээтэй аялагч бүсгүй Баянхонгорт ирлээ

Монгол тэмээтэй Монголоос Их Британийн Лондон хүртэл 12 мянган км газрыг туулах Н.Байгалмаа хэмээх бүсгүйн аялал 630 дахь км-тээ өнөөдөр Баянхонгор аймагт үргэлжилж байна.
Түүнийг Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь болон БОАЖГ, аймгийн Засаг даргын дэргэдэх ГХАЖА, БСУГ, ЦГ, Өлзийт сумын ЗДТГ, Гон ган дэдлин хийд, Цагаан зам авто засвар, Сүлдэн тэнгэр ХХК болон хэвлэл мэдээлэл, нутгийн иргэдийн төлөөлөл тосон авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь ”Гурван бүсийн нутгаар маань таны аялал дайран өнгөрч байгаад бид талархалтай хүлээн авч байна. Бид 2018 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Энэ утгаараа дэлхийг тэмээн хөсөгтэй туулах таны аялал шинэ оны эхэнд манай нутгаар үргэлжилж байгаад баяртай байна. Баянхонгорт саатах хугацаандаа шаардлагатай зүйл байвал бид тусалж дэмжихэд бэлэн байна. Таны аялалд амжилт хүсье. Зорьсон хэргээ бүтээгээд эргээд эх сайхан нутагт маань зочлоорой” гэлээ.
Н.Байгалмаа 11 сарын эхээр Улаанбаатар хотоос санаа сэтгэл нэгдсэн зургаан нөхдийн хамтаар аялалаа эхлүүлсэн ч хоёр сарын хугацаанд хамт гарсан аялагчид замаа орхижээ.

Маршрутын хувьд хуучны торгоны замын маршрутаар явах юм. Хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг 15 орныг дайран өнгөрөх төлөвлөгөөтэй аж. Торгоны зам гэдэг нь Азиас Европ хүртэлх зам бөгөөд Нийтийн тооллын өмнөх 115 оноос ХIII зуун хүртэл хамгийн чухал арилжааг хийдэг зам байсан. Италийн аялагч Марко Поло ч энэхүү замаар худалдаа наймаа хийдэг байсан түүхтэй.

Аялагч бүсгүй сүүлийн 11 жил явган аялалаар аялж буй Их Британийн иргэн Карлийн хамтаар зам нэгдэн аялалаа үргэлжлүүлж байна.

Аялал гурван жил үргэлжилнэ гэж тооцжээ. Идэр есийн жавар тачигнаж буй энэ өдрүүдэд эрс тэрс уур амьсгалтай эх орноо хөндлөн гулд туулж, урд хилээр цааш гарах зорилготой байгаа түүнд Цагдаагийн Ерөнхий газраас дэмжлэг үзүүлж аялж буй аймгаас нэг алба хаагчийг цалинтай дагалдуулахаар болжээ.

Н.Байгалмаа аялалд авч явж буй бүх тэмээгээ эргүүлэн эх орондоо авчирна гэдгийг хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН