Нүүр хуудасМэдээМонгол Улсад оршин суух хүсэлт гаргасан ОХУ-ын бүх иргэнд зөвшөөрөл олгох шийдвэр...

Монгол Улсад оршин суух хүсэлт гаргасан ОХУ-ын бүх иргэнд зөвшөөрөл олгох шийдвэр гаржээ

Хүсэлтээ гаргасан ОХУ-ын иргэдэд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан байна. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас тодрууллаа. 

Тэрбээр “ОХУ-ын иргэд Монгол Улсад цаашид тодорхой хугацаагаар оршин суух хүсэлтээ өгч байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан хүсэлтээ өгсөн ОХУ-ын иргэдэд зохих ангиллын оршин суух зөвшөөрлийг олгох шийдвэр гаргасан. 

Ажиллаж хөдөлмөрлөх, суралцах, хөрөнгө оруулалт хийх, гэр бүлийн шалтгаанаар амьдрах гэх мэт Монгол Улсад оршин суух 56 төрлийн зөвшөөрөл байдаг” гэдгийг хэлсэн юм. 

Алтанбулаг боомтоор есдүгээр сарын 21-нээс хойш ОХУ-ын 6,268 иргэн хилээр нэвтрээд буй талаар мэдээлсэн. 

Тэгвэл есдүгээр сарын 21-29-ний өдрийн байдлаар ОХУ-ын 748 иргэн Монгол Улсад байх хугацаа, визээ сунгуулжээ. Харин оршин суух зөвшөөрөл авах, Монголд байх хугацаагаа сунгуулах талаар 1,000 гаруй иргэн зөвлөгөө мэдээлэл авсан байна. 

Нэг өдөрт 160 орчим иргэн 30 хоногийн хугацаагаар визээ сунгуулсан

“ОХУ-д бий болсон нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын иргэд манай улсад олноороо орж ирж байна. Зөвхөн нэг өдрийн дотор 160 орчим иргэн 30 хоногийн хугацаагаар визээ сунгуулж байгаа.

ОХУ болон Монгол Улсын иргэд аль аль талдаа 30 хоногийн хугацаатайгаар визгүй зорчдог. Удаан хугацаагаар амьдрах тохиолдолд тухайн улсынхаа нутаг дэвсгэрээр орж ирэхээс өмнө зохих ангиллын визээ авсан байх шаардлагатай. Зохих ангиллынхаа визийг авсныг үндэслэн удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгодог.

Сүүлийн хэдэн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан иргэдийн шилжилт хөдөлгөөн ихсэж байгаа. Энэ нь дэлхийн хэмжээнд үүсээд буй улс төр, эдийн засаг, ядуурал, цэрэг дайны байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна” гэдгийг Н.Ууганбаяр дарга онцлов. 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын виз олгох журмын дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болдог. 

Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш тус улсад байх хугацааг дор дурдсанаар тодорхойлж визэд заана гэдгийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд тусгажээ. 

Тус хуульд

  • 19.1.1-т Түр ирэгч 90 хүртэл хоног,
  • 19.1.2-т Дамжин өнгөрөгч 10 хүртэл хоног,
  • 19.1.3-т Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд хугацаагүйгээр буюу оршин суух зөвшөөрөл олгох хүртэл гэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН