Нүүр хуудасНийтлэлЦагаан сараар тоглож наадах ёсон

Цагаан сараар тоглож наадах ёсон

Ард түмний уламжлал ёсоор цагаан сарын үед ямар байхаас тэр жилийн бүхий л амьдрал шалтгаална гэж үзэж өрх гэрүүд аль болох элбэг дэлбэг, хөгжөөн наргиантай байхыг эрмэлздэг учраас цагаан сарын баяраар төрөл бүрийн тоглоом наадам тоглон наргин цэнгэдэг уламжлалтай. Иймд цагаан сарын ёслолын үед хүүхэд багачууд шагайгаар янз бүрийн тоглоом тоглох ёс бий.

Тоглоом наадгай нь  зөвхөн цэнгүүлэх төдий биш хүмүүжил, зан үйлийн учир холбогдолтой байдаг.
Монголчууд цагаан сарын шинийн нэгэнд зориулж дөрвөн бэрх, арван хоёр жил, малын заяа бодох, сүүлийн ясаар шодох, өлзий, хорол, үйчүүр зэрэг аз сорих тоглоом, төвхүү бөмбөг намнах, бөх барилдуулах, шагай харвах, сээр хуга цохих,  хүзүү тойгны яс мулт дарах зэрэг хүч чадал, авхаалж самбаа сорьсон тоглоомоор тоглодог байжээ.  Хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэш хүүхэд багачууд насанд хүрэгчдийн удирдлагын дор шагайгаар алаг мэлхий засах /өрөх/ тоглоомоор тоглодог ба алаг мэлхийд орох шагайны тоо, өнгө, тэдгээрийг өрөх, мөн тоглох нь нарийн дэгтэй.  Тоглохдоо олуулаа тойрон сууж, шоо орхин шооны нүхний тоогоор өрсөн мэлхийний холбогдох хэсгийг авсаар хамгийн олон шагай цуглуулсан хүн хожно. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг.

Монголчууд цагаан сарын шинийн нэгний өглөө цагаалах ёслол хийснийхээ дараа дөрвөн бэрх буулгах тоглоомоор тоглодог заншилтай. Дөрвөн удаа дөрвөн бэрх буулгасан хүнийг тэр жилд азтай сайн явна гэж бэлгэддэг. Түүнчлэн цагаан сарын шинийн нэгнээс наймныг дуустал хүүхдүүд шагайгаар морь уралдуулах тоглоомоор, томчууд арван хоёр бэрх, бөгцөг няслах, бөх барилдуулах зэрэг тоглоомоор тоглодог заншилтай байжээ. /Э/с“Монгол үндэстний биет бус соёлын өв” ном/

Монголчуудын өвөг дээдсээсээ уламжилсан 15 төрлийн 3000 шахам тоглоом наадмаар нааддаг.

Тухайлбал:

  1. Шагайн тоглоом
  2. Хөлөгт тоглоом
  3. Оньсон тоглоом
  4. Аман наадам
  5. Уран ээдрээт гогцоо, уран зангилаа сүлжээ
  6. Өрж эвлүүлдэг тоглоом
  7. Чамабалын хүрд
  8. Хуруу гараар наадах наадгай
  9. Шагайн тоглоом, Шүүрэх,булаалдах наадгай
  10. Тооцоолох наадгай
  11. Эвхэх,хайчлах наадгай
  12. Илбэ,мэрэг
  13. Мөсөн дээрх наадам
  14. Эрийн гурван наадам     зэрэг олон төрлийн арвин баялаг тоглоом наадам байдаг бөгөөд манай ард түмэн өсвөр үеэ сургаж хүмүүжүүлэх нэгэн чухал хэрэглүүр болгон ашигласаар ирсэн сайхан уламжлалтай билээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН