Нүүр хуудасМэдээШүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ял эдэлнэ

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ял эдэлнэ

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно

         Иргэн Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 7-288 тоотод тодорхой шалтгаангүйгээр хохирогч Г.Г-ын зүүн даланд хутгаар хатгаж эрүүл мэндэд “…зүүн далны хэсгийн булчин гэмтээсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхээс Б.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар Б.А-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж шийдвэрлэжээ.

           Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/249 дугаар шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн авснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, ялтан Б.А-д эрх, үүргийг нь танилцуулан өгч, торгох ялыг 90 хоногийн өдрийн дотор төлж барагдуулах талаар баталгаа гаргуулсан байна.

        Улмаар ялтан Б.А-аас гаргасан хүсэлтийг харгалзаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасныг баримтлан 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн боловч ялтан Б.А нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд, мөн торгох ялыг биелүүлэх хугацаа сунгасан хугацаанд сайн дураар төлөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй оргон зайлжээ.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ.” гэж заасан.

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасны дагуу ялтан Б.А-д Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/249 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцон 33 /гучин гурав/ хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх болМонгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Хураангуйг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд

ШҮ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН