Нүүр хуудасМэдээFALLING WALLS LAB MONGOLIA НЭЭЛТТЭЙ ФОРУМД УРЬЖ БАЙНА

FALLING WALLS LAB MONGOLIA НЭЭЛТТЭЙ ФОРУМД УРЬЖ БАЙНА

Үзэл бодлоор нь хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, оюун санааг нь зааглан хаших зорилгоор байгуулсан Берлиний хана хэрмийг шинийг санаачлагчид эрх чөлөө, эв нэгдэл, тэгш эрхийн төлөө 1989 онд нураасан түүхтэй. Энэхүү түүхэн үйл явдлаас үүдэн шинэ бүхнийг сэдэн санаачилж, манлайлж буй залуусыг дэмжин, тэдний дуу хоолойг дэлхийд нэр хүндтэй судлаачид, бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчдад хүргэх зорилгоор “Falling Walls Lab” чуулганыг Берлин хотноо жил бүрийн 11-р сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулдаг уламжлал тогтсон. Чуулганы цар хүрээг тэлсээр өдгөө дэлхийн 100 гаруй улс оронд зохион байгуулж, үндэсний ялагчдыг “Falling Walls Lab Finale” чуулганд оролцох эрхээр шагнаж, олон орны шинийг санаачлагчидтай мөр зэрэгцэн өөрийгөө сорих боломжийг олгодог ажээ. Залуу судлаач, шинийг санаачлагчдад олон улсын түвшинд өрсөлдөн хөгжих боломжийг нээх зорилготой уг “Falling Walls Lab Mongolia” нь манай улсад 10-р сарын 1-ний Баасан гарагт зохион байгуулагдах гэж байна.Дэлхий дахин сорилт бэрхшээлүүдтэй тулгарсан энэ цаг үед хил дамнасан өргөн цар хүрээтэй шинжлэхухааны хамтын ажиллагаа улам бүр чухал болж байна. Энэхүү хоёр дахь удаагийн Falling Walls Lab Mongolia форум нь цахим/цахим бус хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсанаар Монголын залуу эрдэмтэн судлаачдад шинэ нээлт, шинэлэг санаагаа танилцуулах нээлттэй боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

ЭРХЭМ ХҮНДЭТ ЭРДЭМТЭН, ДОКТОР, СУДЛААЧ, МЭРГЭЖИЛТЭН, ШИНИЙГ САНААЧЛАГЧ ЗАЛУУЧУУДЫН АНХААРАЛД!

Шинийг эрэлхийлэгч залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг формат бүхий Falling Walls Lab Mongolia‘21 форум (1) болон ENGAGEx Mongolia(2)  уоркшоп хосолсон арга хэмжээнд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

(1) Falling Walls Lab Mongolia форум нь бүхий л салбарын эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдийг өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, дэвшилтэт технологи, шинэлэг төсөл, санаагаа шүүгчид болон бусад мэргэжилтнүүдэд 3 минутын дотор багтаан танилцуулах боломжийг олгодог.

Үндэсний ялагч нь Монгол Улсаа төлөөлөн энэ оны 11-р сарын 8, 9-ний өдрүүдэд Берлин хотноо зохион байгуулагдах Falling Walls Lab Int. Finale-д олон улсын 100 гаруй үндэсний ялагчтай өрсөлдөх эрхийг авна. Бүх олон улсын Лаб финалистууд Falling Walls Science Summit-д сонсогчоор оролцох эрхтэй ба олон улсын ялагч нь мөнгөн шагнал хүртэнэ.

Falling Walls Lab-ийн зорилго нь шинжлэх ухааны дэвшилтэт нээлт, тэдгээрийн эдийн засгийн хэтийн төлвийг дэмжих, инновацийг нэвтрүүлэх, шинжлэх ухааны салбаруудын залуу авьяаслаг болон бүтээлч сэтгэлгээт эрдэмтэн судлаачдын мэргэжлийн солилцоог эхлүүлэх, тогтвортой хөгжүүлэх, сурталчлах, харилцааны ур чадварыг хөгжүүлэхэд оршино. Өөрөөр хэлбэл, “Falling Walls”-ийг дэлхийн хэмжээнд харилцан солилцоо, шилдэг туршлагад тулгуурласан, шинжлэх ухаан, технологи, улс төр, эдийн засаг, нийгмийн нөлөө бүхий нэгдэл “ThinkTank” гэж тодорхойлж болно.

Falling Walls Lab Mongolia форум 2021 оны 10-р сарын 01-нд 14.00 цагаас МУИС-ийн Номын сангийн хурлын танхим 502 ба www.zoom.us онлайн платформоор танхим-цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.  Оролцогчдын бүртгэл www.falling-walls.com/lab/apply хаягаар 2021 оны 09-р  сарын 22-ны өдрийг дуустал явагдана.

Монголд зохион байгуулагдах энэ чуулганд хэн оролцож болох вэ? Оролцогчдын хувьд бакалаврын зэргээ хамгаалаад 10-аас доошгүй жил, магистрын хувьд 7 жил, докторын хувьд хамгаалаад 3-аас доошгүй жил болсон байх ерөнхий шаардлагатай. Шинэ санаа, судалгаагаа түгээх, хөгжүүлэх зорилготой дээрх шаардлагыг хангасан бүх хүмүүст нээлттэй. Хамгийн гол онцлог нь өөрийн шинэ санаа, судалгаа, шинэлэг санаагаа Англи хэлээр гурван минутад багтаан илтгэж танилцуулах явдал юм.

Энэхүү цахим хосолсон  арга хэмжээг Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ (AMPMC), Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (GMIT) ба Монгол Улсын их сургууль (МУИС) хамтран, Falling Walls Сан, ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, Олон улсын инженер, эрдэмтэн эмэгтэйчүүдийн сүлжээ (INWES) болон Night Poetry-н дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

(2) Мөн энэ жил нийгэм, эдийн засагт ач холбогдол, нөлөө бүхий шинжлэх ухаан, боловсрол, шинэ технологи, инновацийн оролцоог идэвхжүүлэх, тэдгээрийн ололт амжилт, ойлголтыг олон нийтэд өргөн хүрээтэй түгээн таниулах зорилготой Falling Walls ENGAGEx нээлттэй хэлэлцүүлэг, семинар, нь 2 үе шаттайгаар тус тус цахимаар зохион байгуулагдана. Үүнд:

(2а) 2021 оны 10-р сарын 01-ний Баасан гарагт 15:20 цагаас форумын дараа шууд үргэлжлэн „Lab-Engage-Collider Mongolia“;

(2b) 10-р сарын 02-ны Бямба гарагт 15:00 цагаас „Activation Workshop for Science Communication & Engagement“.

Семинар, нээлттэй хэлэлцүүлгийн зочноор Falling Walls Engage Community-ийн гишүүн олон улсын 5 мэргэжилтэн, INWES – Олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбооны төлөөлөл, „Mongolian E-Nomad Network“ байгууллагын удирдлага, Falling Walls Lab Mongolia’19 Labster, Engager-үүд зэрэг Монголын болон олон улсын мэргэжилтэн, багш, эрдэмтэн судлаачид уригдан туршлага солилцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Falling Walls Engage нь мөн нийгмийн сайн сайхан, хөгжлийн төлөө хувь нэмэр оруулж буй төсөл, судалгаа, үйл ажиллагаа явуулж буй байгууллага, идэвхтэй ба бүтээлч хувь хүн, мэргэжилтэн, баг хамт олонд урам зориг өгч, хооронд нь холбох, тогтвортой сүлжээг бий болгох, харилцан нөлөөллийг олон улсын хүрээнд сурталчлан таниулахад чиглэсэн платформ юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.falling-walls.com/lab эсвэл fb.me/FallingWallsLabEngageMongolia хуудаснаас авна уу.

Дараах хаягаар холбогдоно уу: Falling Walls Lab x Engage Mongolia (info@artsandmediaconsulting.org, Утас: 99169084) эсвэл  the Falling Walls Foundation (lab@falling-walls.com).

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН