Ногоон хэрэм төслийн захирал И сон Гил Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж төслийн хүрээнд хийгдэх мод үржүүлгийн газрын зураглал, төлөвлөгөөг танилцууллаа.
Монгол Улсын цөлжилтийг бууруулах шар шороон шуургатай тэмцэх, ойн түймэрт өртсөн талбайг нөхөн сэргээх зорилгоор Монгол – Солонгосын “Ногоон хэрэм” төслийг Хөвсгөл аймагт 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд Мөрөн хотын онгоцны нисэх буудлын урд байрлах 15 га талбайд мод үржүүлгийн газар бий болгож түүнийг түшиглэсэн ойжуулалт, цэцэрлэгжүүлэгчдийг бэлтгэх сургалтын төв, судалгааны талбайг байгуулахаар төлөвлөсөн. Мод үржүүлгийн газар байгуулах ажил өнгөрсөн 8-р сард эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар цахилгаан татсан, худаг гаргасан, хашаа барьсан зэрэг бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ удаагийн уулзалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж, төслийн багаас туслах ажилтнаар ажиллах иргэд шаардлагатай байгаа гэв. Мөн хамтын ажиллагааны хүрээнд Мод үржүүлгийн газарт ажиллах боловсон хүчнийг Солонгосын их, дээд сургуульд ойн чиглэлээр холбож зуучилж өгч сургах боломжтой гэдгийг онцолж байв. Тус аймаг мод үржүүлгийн газартай болсноор Үндэсний хэмжээнд өрнөж байгаа Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд таригдах модны нөөц бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.