Нүүр хуудасМэдээЭэлжийн амралтын цалинг хэрхэн бодох вэ?

Ээлжийн амралтын цалинг хэрхэн бодох вэ?

2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Хөдөлмөрийн тухай хууль, түүнийг үндэслэн гарсан Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын /2021.12.06/ А/191 дугаартай тушаалаар “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалинг тооцох” журмыг баталсан.Уг журмаар дараах хэд хэдэн өөрчлөлтүүд орсныг ажилтан, ажил олгогч та бүхэнд онцолж хүргэж байна.

1. Энэ тушаал нь хуучин Ээлжийн амралтын “олговор” гэснийг Ээлжийн амралтын “цалин” болгож өөрчилсөн нэр томьёоны өөрчлөлт оруулсан байдаг. Иймд та ээлжийн амралтын цалинг хугацаандаа авч чадаагүй бол Хөдөлмөрийн хуулийн 124.1-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алдангийг ажил олгогчоосоо шаардах эрхтэй болж байгаа юм.

2. “Ажилтны ээлжийн амралтын олговрыг ээлжийн амралт эдлэхээс нь өмнө урьдчилан олгосон байвал зохино.” гэснийг “Ажилтны ээлжийн амралтын цалинг ээлжийн амралт эдлэхээс өмнө олгоно.” гэж хатуу заасан байгаа нь ажилтан та ээлжийн амралт авахаасаа өмнө ээлжийн амралтын цалинг ажил олгогчоос шаардаж авах эрхтэй болж байна.

3. Ажилтныг ямар нөхцөлд ажиллаж байгааг үл харгалзан ажилласан жилээс хамаараад үндсэн 15 хоногийн амралт дээр нэмэгдэл хоног өгөх хуулийн зохицуулалттай, мөн хэвийн бус нөхцөлд ажиллаж буй ажилтан ажил олгогчтой байгуулсан хамтын гэрээгээр энэ хугацааг сунгах боломжтой байсан бол 2022 оноос эхлэн ажилласан нөхцөлийг харгалзаж нэмэгдэл хоног нь өөр өөр бодогдохоор журамд тусгасан байна. Ажилтан хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилласан жилээс хамаараад үндсэн амралт дээр нь дараах нэмэгдэл хоног амрах эрх эдэлнэ:

• 6-10 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 3 өдөр

• 11-15 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 5 өдөр

• 16-20 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 7 өдөр

• 21-25 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 9 өдөр• 26-31 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 11 өдөр

• 32-оос дээш жил шимтгэл төлж ажилласан бол 14 өдөр

Ажилтан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан жилээс хамаараад үндсэн амралт дээр нь дараах нэмэгдэл хоног амрах эрх эдэлнэ:

• 6-10 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 5 өдөр

• 11-15 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 7 өдөр

• 16-20 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 9 өдөр

• 21-25 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 12 өдөр

• 26-31 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 15 өдөр• 32-оос дээш жил шимтгэл төлж ажилласан бол 18 өдөр

Жишээ нь: Хэрэв ажилтан ажилд ороод 6 жил хэвийн нөхцөлд ажилласан бол ээлжийн амралтын үндсэн хугацаа 15+3 буюу 18 өдрийн ээлжийн амралт авах эрхтэй байна. Хэрэв яг өмнөх тохиолдолд ажилтан хэвийн бус нөхцөлд ажилладаг бол 15+5 буюу 20 өдрийн ээлжийн амралт авах эрхтэй байна. Мөн ажилтан, ажил олгогч танд ээлжийн амралтын цалинг бодох аргачлалыг хүргүүлж байна.

ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИНГ ТООЦОХ.=Ээлжийн амралтын цалинг тооцохдоо өмнө эдэлсэн ээлжийн амралтаас хойш ажилласан саруудын цалин хөлсний нийлбэрийг, тухайн саруудад ажилласан ажлын өдрийн нийлбэр тоонд хуваан ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг гаргаж ээлжийн амралтын өдрөөр үржүүлж бодно.

Жишээ нь: Ажилтан 2020 оны 7 дугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа ажлын 15 өдөр эдлээд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа орж, 2021 оны ээлжийн амралтаа 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эдэлсэн бол түүний ээлжийн амралт тооцох дундаж цалин хөлсийг дараах байдлаар тооцно:

2020 оны 7 дугаар сард 5 өдөр ажилласан байвал тус сард 312500 төгрөг,

2020 оны 8 дугаар сард 21 өдөр ажилласан байвал тус сард 1312500 төгрөг,

2020 оны 9 дүгээр сард 22 өдөр ажилласан байвал тус сард 1375000 төгрөг,

2020 оны 10 дугаар сард 21 өдөр ажилласан байвал тус сард 1312500 төгрөг, 2020 оны 11 дүгээр сард 21 өдөр ажилласан байвал тус сард 1312500 төгрөг,

2020 оны 12 дугаар сард 22 өдөр ажилласан байвал тус сард 1375000 төгрөг,

2021 оны 1 дүгээр сард 21 өдөр ажилласан байвал тус сард 1312500 төгрөг,

2020 оны 2 дугаар сард 18 өдөр ажилласан байвал тус сард 1125000 төгрөг,

2020 оны 3 дугаар сард 22 өдөр ажилласан байвал тус сард 1375000 төгрөг,

2020 оны 4 дүгээр сард 21 өдөр ажилласан байвал тус сард 1312500 төгрөгийн цалин тус тус авчээ гэж үзье.

Тэгвэл нэг өдрийн цалин хөлсний дундаж нь нийт авсан цалин 12,125,000 ÷ нийт ажилласан 194 хоног =62500 төгрөг байна.

Иймд ээлжийн амралтын цалин нь= 62500*15/Ээлжийн амралтын цалин авах хоног/=937,500 төгрөг байхаар байна.

Энэ мэтчилэн та өөрийн ээлжийн амралтын цалинг бодохыг хүсвэл дээрх томьёонд орлуулан бодох боломжтой.

Эх сурвалж: Өмгөөллийн Эм Жэй Эл Атторнейс ХХН

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН