Үндэсний баялаг болсон мал сүргээ өсгөн үржүүлж, улс эх орныхоо нийгэм эдийн засаг, хүн амын хүнсний хэрэгцээг эрүүл хүнсээр хангахад үнэтэй хувь нэмрээ оруулж яваа Багануур дүүргийн нэгдүгээр хорооны малчин Даржаагийн Нармандахын “УЛСЫН АВАРГА” малчны цол тэмдгийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил, зөвлөх А.Бүрэнбаатар нар гардуулан өглөө.

Улсын аварга малчин шагналын болзлыг хангасан Д.Нармандах нь 1984 оноос хойш одоог хүртэл 40 гаруй жил мал маллажээ. 2000 оноос үржлийн мал болох хуц, ухна маллаж, малын үүлдэр, угсаагаа чанаржуулж, мал сүргээ 1000 гаруй толгойд хүргэж мал аж ахуйн салбарт өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж яваа туршлагатай, тэргүүний шилдэг малчин эмэгтэй юм.

Малчин Д.Нармандах нь зун намрын цагт малаа отроор маллаж, тарга хүчийг нь авхуулж, жилдээ хонины ноос 500кг, ямааны ноолуур 60-70 кг зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ Багануур дүүргийн 131, 132 дугаар цэцэрлэгүүдэд мах, сүү, аарц, ааруул зэргийг нийлүүлж ирсэн итгэлтэй түнш юм.

Тэрээр “Манайх Баяндэлгэр сумын нутагт орших Ханхар гэх энэ газраа 40 жил өвөлжиж байна. Буянт мал маллсаны үр шимээр төрийнхөө хишгийг хүртэж, эрхэм шагналыг авч байгаадаа туйлын их баяртай байна. Өнөө жил өнтэй сайхан өвөлжиж, хавартай золгож байна. Би чинь морио унаад л хонио хариулаад явдаг юм. Над шиг өдий насны эмэгтэй хүн морь унаад хонь хариулаад явдаг нь цөөхөн байх. Хөдөөгийн бид чинь хүн бүл муутай байдаг нь нэг талаараа ярвигтай. Тиймээс сүүлийн үед Шинэ хоршоо хөдөлгөөнд нэгдэх бодолтой байгаа. Нэгдэж хамтраад хадлан тэжээлээ бэлтгээд явах нь хөдөлмөр хөнгөвчилөөд, ган зуд гээд байгалийн эрсдэлд тэсэж гарах сайн талтай гэж харж байна” хэмээн ярилаа.
