Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр тун удахгүй 05 дугаар сарын 25-ны өдөр тохиож буй билээ. Түүхт ойн хүрээнд төлөвлөгөөт олон ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэн буй энэ цаг мөчид Нисэх хүчинтэй залуу халуун нас, мэдлэг чадвар, амьдралаа холбосон ахмад буурлуудын маань сэтгэлийн өглөг, хандив бидэнд ирсээр байгаад талархаад баршгүй…

Монгол Улсын Гавьяат Нисгэгч, шүхрийн спортын мастер, бэлтгэл хурандаа Төгсийн Сугар агсны гэргий Авирмэдийн Тангад гуай өөрийн биеэр хүрэлцэн ирж, Т.Сугар агсны тухай дурсамж яриа дэлгэн, хуучилж суухдаа “ Манай хүн яахын аргагүй Цэргийн нисэх хүчний хүн” гээд л сайхан түүхүүдийг бидэнтэй хуваалцаж Т.Сугар агсны түүхэн номыг бэлэглэсэн юм. Аргагүй л Цэргийн нисэхийн салбарт домог мэт яригддаг Т.Сугар агсныг дуулаагүй үлдсэн нь бараг үгүй биз ээ. Энэ домогт хүмүүний ажил үйлс, гавьяаг дурсан бичихэд энэ нийтлэл дэндүү урт болох учир товчлон та бүхэнд хүргэж байна.
Тэрээр ЗХУ-ын Фрунзе хотын Цэргийн Нисэхийн нэгдсэн сургуулийг МИ-4 нисдэг тэрэгний 2-р нисгэгчээр, 1979 онд ЗХУ-ын Кремчук хотод МИ-8 нисдэг тэрэгний захирагчаар, 1994 онд ОХУ-ын Санкт-Петербург хотод МИ-8, МТВ нисдэг тэрэгний багш нисгэгчээр тус тус сурч төгсжээ.

1970 оноос Монголын Ардын цэргийн 109-р анги, Хилийн цэргийн 0200-р ангид 2-р нисгэгч, нисдэг тэрэгний захирагч, багш нисгэгч, эскадрилийн нислэг эрхэлсэн орлогч, эскадрилийн захирагч зэрэг ажлуудыг тасралтгүй хийсэн бөгөөд ЯК-18, АН-2 онгоц, МИ-4, МИ-8, МИ-8МТВ нисдэг тэргээр 9 мянган цаг буюу 2 сая км агаарын замыг туулж “Анхны шөнийн нислэг”-ийг хийсэн төдийгүй, 1993 онд 2799 метрийн өндөр Асралт хайрхан, Улаанбаатар хот дээгүүр нисдэг тэргийг нисдэг тэргээр дүүжлэн нисч ирсэн гавьяат нисгэгч билээ.
Түүний гэргий Авирмэдийн Тангад гуай шүхрийн спортын мастер, СТА, ҮЖҮНХ-ийн Цэргийн хөгжмийн албаны даргын нарийн бичиг, урын сангийн эрхлэгчээр насаараа ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдлэн суугаа мөн л Монгол Улсынхаа төлөө залуу халуун насаа зориулсан мөрдөстэй эмэгтэй билээ.
