Бид өдөр бүр сошиал орчинд хэн нэгнийг дээрэлхсэн, үе тэнгийнхнээ дээрэлхсэн бичлэг хардаг боллоо. Эндээс сургуулийн орчин хүүхдийн аюулгүй байдлыг хангах гэхээсээ илүү хүүхдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчдөг газар болсон уу, эцэг эхийн хүүхдэдээ анхаарах цаг болжээ гэж харагдаж байна. Иймээс Манд.мн сайт Орос-Монголын хамтарсан 162-р сургуулийн сэтгэл зүйч А.Цэцэгсайханаас үе тэнгийн дээрэлхэлтийн талаар болон сургуулийн сэтгэл зүйч хэрхэн ажилладаг талаар тодрууллаа
СУРГУУЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ ХҮҮХДҮҮДЭД ХЭР ХҮРЧ АЖИЛЛАЖ ЧАДДАГ ВЭ? ХҮҮХДҮҮД ХЭР НЭЭЛТТЭЙ ИРЖ ЗӨВЛӨГӨӨ АВДАГ ВЭ?
Сургуулийн сэтгэл зүйч хүүхэд нэг бүрт хүрч ажиллана гэдэг их хэцүү. Аль болох л бүх хүүхдэд тэгш хүрч ажиллахыг хичээдэг. Сургалтын олон арга барилыг ашигладаг. Сэтгэл зүйч сургалт, нөлөөллийн ажил их хийх тусмаа л хүүхдүүд зөвлөгөө авах гэж ирэх нь их байдаг. Харьцангуй нээлттэй байдаг ч сэтгэл зүйч хил хязгаараа сайн тогтоохгүй бол хүүхдүүд сэтгэл зүйчид дасах, найз шиг болох, гэр бүлийн гишүүн шигээ харах тохиолдол гарах магадлалтай байдаг.
СУРГУУЛЬ СЭТГЭЛ ЗҮЙЧТЭЙ БОЛСНООР АНГИ ХАМТ ОЛОН, БАГШ, ЭЦЭГ ЭХИЙН ХООРОНДОХ ХАРИЛЦАА ХАМААРАЛ ХЭР ГҮНЗГИЙРДЭГ ВЭ?
Сэтгэл зүйчид тогтмол анги хамт олны уур амьсгалыг сайжруулах сургалт, зөвлөгөөг өгдөг. Багш нар эцэг эхтэйгээ харилцан үл ойлголцол үүссэн үед сэтгэл зүйчээс тусламж хүсдэг. Энэ нь ч зөв. Тэдэнд бид арга зүйн тал дээр олон хувилбарууд санал болгодог. Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл санааны байдлаар зөвлөгөө авах гэж, асуух гэж их ирдэг болсон нь үнэхээр талархууштай. Эцэг эх, асран хамгаалагчид сэтгэл зүйчтэй хүүхэд нь уулзаж мэдээлэл авсан гэдгийг зайлшгүй мэдэгдэх ёстой байдаг. Гэхдээ зөвлөгөөний тэмдэглэлийг эцэг эх, багшид харуулдаггүй.
ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН АСУУДАЛ СУРГУУЛИЙН ТҮВШИНД ХЭР БАЙНА ВЭ? СУРАГЧИД СЭТГЭЛ ЗҮЙЧИД БОДИТ ҮНЭНЭЭ ХЭЛЖ ЧАДАЖ БАЙНА УУ?
Нуулгүй хэлэхэд үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал сургуульд байна. Энэ нь зөвхөн зодож, цохих, хэл амаар биш биеийн хэлэмжээр дээрэлхэх тохиолдлууд их байна. Ангийнхаа хүүхдийг илт гадуурхах, өмссөн хувцсыг нь хараад үл тоох, үзэл бодлыг нь үл хүндэтгэж, олон хүмүүсийн хажууд эвгүй байдалд оруулдаг гэх мэт яг үнэндээ асуудлууд байна. Үе тэнгийн дээрэлхэлт зөвхөн сэтгэл зүйч, нийгмийн ажилтны асуудал гэж ойлгохоо болих хэрэгтэй. Тэр сургуульд сурч байгаа сурагч, түүний эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн багш, ажилчид гээд тэр сургуулийн эд, эс бүхэнд хамаатай зүйл. Миний хүүхдэд, миний ангид, миний хариуцсан хэсэгт асуудал гараагүй бол тэгээд л болоо гэсэн хандлага нийгэмд түгээмэл бий.
Бид бодит үнэнээ хэлж чадахгүй байгаа. Бидэнд тулгамддаг маш олон асуудлууд байдаг ч мөн л олон шалтгааны улмаас хэлж чадахгүй байна.
ХҮҮХЭД ЯМАР НЭГЭН АСУУДАЛД ӨРТЛӨӨ ГЭХЭД (ЖИШЭЭЛБЭЛ, ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ) ХОХИРОГЧ БОЛСОН ХҮҮХЭДТЭЙ СЭТГЭЛ ЗҮЙЧ АЖИЛЛАХ БОЛОМЖ ХЭР ВЭ? ЯГ ХЭРЭГТЭЙ ТУСЛАМЖ ЗӨВЛӨГӨӨГ ӨГӨХ БОЛОМЖ ХЭР БАЙДАГ ВЭ?
Хүүхдэд ямар нэгэн асуудал үүсвэл шууд л нийгмийн ажилтан, сэтгэл зүйч уулздаг. Гэхдээ зөвшөөрлийн асуудал яригддаг. Хэлэх амархан шүү дээ. Зарим эцэг эхчүүд зөвшөөрөл авсангүй гэдэг бол зарим нь уулзсангүй гээд уурладаг. Бид асуудлыг мэдээд шууд үйлдэл хийе гэсэн ч тухайн хүүхэд уулзахыг хүсэхгүй байх, эцэг эх зөвшөөрөхгүй байх, эсвэл шууд шилжиж явах зэрэг асуудлууд үүсдэг. Уулзахыг зөвшөөрөхгүй бол бид тэр хохирогч хүүхдэд туслах боломж хомс болно оо гэсэн үг. Энэ асуултанд сэтгэл зүйн стандарт өрөөний асуудал бас яригдах нь зүй ёсны хэрэг. Сэтгэл зүйчийн өрөө тав тух муутай, эсвэл хэн нэгний өрөөгөөр дамжиж ордог, эсвэл өөр хүнтэй хамт суудаг бол хүүхдүүд зөвлөгөө авах илт дургүй байдаг. Манай сургууль сэтгэл зүйн зөвлөгөө өгөх стандарт өрөөгүй. Миний хувьд нийгмийн ажилтантайгаа нэг өрөөнд суудаг. Зөвлөгөө өгөхдөө менежерүүдийн өрөөгөөр дамжиж өөр өрөөнд зөвлөгөө өгдөг. Гэхдээ ийм бүтэцтэй болсноос хойш зөвлөгөө авах хүүхдүүд багассан. Хүүхдүүд сэтгэл зүйчээс зөвлөгөө авч байгаагаа нуудаг шүү дээ. Ийм асуудлаас болоод зөвлөгөөнд ирэхгүй байхаар нь нийгмийн ажилтнаасаа гуйж байгаад түр гаргаж байгаад зөвлөгөө өгдөг болсон.
НЭГ СУРГУУЛЬД НЭГ СЭТГЭЛ ЗҮЙЧ, НИЙГМИЙН АЖИЛТАН БАЙДАГ НЬ БҮХ СУРАГЧДАД ШУУД ХҮРЧ ЧАДАХ УУ?
Нэг сэтгэл зүйч, нэг нийгмийн ажилтан бол их хангалтгүй тоо. Яг үнэндээ миний огт уулзаж байгаагүй хүүхдүүд ч сургуульд байгаа шүү дээ. Бид хүүхэд нэг бүрийн царайг тогтоож чадахгүй, тулж ажиллах боломжгүй нөхцөл байдалд байна. Сэтгэл зүйч чиг үүргийн бус ажил хийх тохиолдол их байдаг нь бид хүүхэд нэг бүрт хүрч ажиллахад саад болдог
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, ХАМТАРСАН БАГТАЙ ХАМТАРЧ ОЛОН НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ӨРНҮҮЛДЭГ БАЙХ ЭНЭ НЬ ХЭР ҮР ДҮНТЭЙ ВЭ? ЯМАР АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭДЭГ ВЭ?
Бид бусад байгууллагуудтай байнгын хамтын ажиллагаатай байдаг. Нийтээр нь урлаг зааланд биш. Анги ангид нь сургалт орох нь үр дүнтэй байдаг. Ихэвчлэн сургалтууд гаднаас их явагддаг
ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙД ГЭР БҮЛИЙН ОРЧИН ХЭР НӨЛӨӨЛДӨГ ВЭ? ГЭРТЭЭ ХҮМҮҮЖИЖ ЧАДААГҮЙ ХҮҮХДИЙГ БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, СЭТГЭЛ ЗҮЙЧ, СУРГУУЛИЙН ОРЧИН ЗАСАЖ ЧАДАХ УУ?
Сургууль дээр гаргаж байгаа үйлдэл, үг хэллэг нь гэр бүлийн орчныг яг л харуулдаг.
Миний хүүхэд “дэлхий” бусад нь “мэлхий” гэсэн хандлагатай эцэг эхчүүдийн хүүхэд хувиа бодсон, би л болж байвал боллоо гэсэн бодолтой байдаг.
Эцэг эх, гэр бүлтэй хамтарч ажиллаж байж хүүхдийн сөрөг зан үйлийг багасгаж, эерэг зан үйлийг бэхжүүлнэ. Тэрнээс бид хүүхэд хүмүүжүүлэгч биш гэдгийг бүгд ойлгоосой гэж хүсэж байна. Илт сэтгэл зүйн асуудалтай хүүхдүүд байдаг. Хүний нүднээс далд харагдаж байгаа нь ч байна. Юун түрүүнд ганцаарчилсан зөвлөгөөнд хамрагдах эсэхийг асуудаг. Зөвшөөрвөл гарын үсэг зуруулж гэрээ хийдэг. Тухайн хүүхдэд зориулсан урт хугацааны төлөвлөгөө гаргаж ажилладаг. Татгалздаг хүүхдүүд байдаг. Үнэхээр зөвшөөрөхгүй байвал бид хүчилж болохгүй.
ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ ЮУНААС БОЛЖ ГАРДАГ ВЭ? ЯМАР ХҮҮХЭД ДЭЭРЭЛХЭГЧ БОЛЖ, ЯМАР ХҮҮХЭД ДЭЭРЭЛХҮҮЛЭГЧ БОЛДОГ ВЭ?
Дээрэлхэгч хүүхдийн нийтлэг сэтгэл зүйн шинж гэж байдаг. Өөрийгөө бусдаас дээгүүр, илүү гэж мэдрэхийг хүссэн суурь хэрэгцээ дутагдсан л хүүхэд гэсэн үг. Тэр ч бас хэн нэгэнд дээрэлхүүлж байсан, дээрэлхүүлдэг байх магадлал маш өндөр. Мөн ямар нэгэн хүрээлэлд орох гэж дээрэлхэх үйлдэл хийдэг. Энэ мөн л адил харьяалагдах хэрэгцээ дутагдаж байгаагийн шинж. Дээрэлхүүлэгч хүүхэд бол дуу цөөтэй байх хандлагатай ч 100% тийм биш. Зарим хүүхэд дээрэлхүүлж байгаагаа мэдэхгүй үе ч бий. Зарим нь зоригтой “боль” гэж хэлж чаддаг ч ихэнх хүүхэд чимээгүй тэвчээд өнгөрдөг. Үе тэнгийн дээрэлхэлтийн гол шалтгаан бол сэтгэл зүйн суурь хэрэгцээ дутагдсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, эцэг эх, асран хамгаалагчийн хүүхэдтэй харилцах харилцаанаас шууд хамаарна
ХҮҮХЭД СУРГУУЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧДЭЭ ХАНДСАН ГЭДГЭЭ ЭЦЭГ ЭХДЭЭ ХЭЛДЭГ БОЛОВ УУ? ЭЦЭГ ЭХЧҮҮД ЯАЖ ХҮЛЭЭЖ АВДАГ ВЭ?
Ихэнх хүүхэд хэлдэггүй. Эцэг эхтэйгээ харилцаа сайн хүүхдүүд л хэлж чаддаг.
ЦАХИМ ОРЧИНД ТАРХСАН МЭДЭЭЛЛЭЭС ҮЗЭХЭД ХҮҮХДҮҮД НЭГНЭЭ ДЭЭРЭЛХЭЖ, ТҮҮНИЙХЭЭ БИЧЛЭГИЙГ ХИЙЖ ЦАХИМ ОРЧИНД ЦАЦСАН НЬ ИНСТАГРАМЫН ХАНДАЛТАА ӨСГӨХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН ГЭЖ ШУУГИЖ БАЙНА. СОШИАЛД ХАНДАЛТ АВАХ ГЭЖ ИНГЭЖ БАЙГАА НЬ ЮУТАЙ ХОЛБООТОЙ ВЭ?
Өөрийгөө бусдаас илүү эрх мэдэлтэй, илүү байр суурьтай гэдгийг мэдрэхийг хүссэнтэй холбоотой магадгүй тэгснээр тэр хүрээлэлд багтдаг байх магадлалтай
БИД ЗӨВХӨН ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ЭЦЭГ ЭХЧҮҮДТЭЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛОВ УУ? ЗӨВХӨН БАГШ, СЭТГЭЛ ЗҮЙЧ, НИЙГМИЙН АЖИЛТАН ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙД АНХААРАХААС ГАДНА ЭЦЭГ ЭХ АНХААРАЛ ТАВИХ ЁСТОЙ ГЭДГИЙГ ӨНӨӨДРИЙН ХЭРЭГ ЯВДАЛ ХАРУУЛЖ БАЙНА. ТАНЫ ХУВЬД ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД ХАНДАЖ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?
Яг зөв. Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлыг эцэг эх, асран хамгаалагчаас эхлүүлэх нь зөв. Хамгийн гол нь дээрэлхэлт үйлддэг насанд хүрэгчид өөрсдийгөө дээрэлхэгч гэдэгтээ эвлэрэх хэрэгтэй, үнэнтэйгээ нүүр тулах хэрэгтэй. Хүүхдийн хажууд хэлж байгаа үг, үйлдэл чинь хүүхдэд 100% хамааралтай гэдгийг л хэлмээр байна.
К.Золзаяа





