Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Анх удаа олон намын оролцоотойгоор 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ардын Их Хурлын 430 депутат, Улсын Бага Хурлын 53 гишүүнийг сонгох чөлөөт, ардчилсан сонгуулийг явуулжээ. Уг сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ардын Их Хурлаас “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталж, улмаар хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий, төрийн эрх барих байнгын дээд байгууллага буюу Улсын Бага Хурлыг байгуулсан. Ийнхүү 1990 оны 9 дүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын анхдугаар чуулган үйл ажиллагаагаа эхэлснээр манай улсад байнгын ажиллагаатай парламент бүрдэж, төрийн байгуулалтын шинэ тогтолцоо үүссэн түүхтэй.
Парламент нь иргэдийн эрх ашгаа даатгаж, сонгосон итгэмжит төлөөлөгчдийн байгууллага бөгөөд бүх нийтийн хяналтад байдаг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага юм. Монголын парламент улс орны хөгжил, нийгмийн харилцааг төлөвшүүлэх эрх зүйн үндэс суурийг бүрдүүлж, хүмүүнлэг, ардчиллын зарчим, үнэт зүйлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ олон улсад дээгүүрт үнэлэгддэг. Монгол Улсын Үндсэн хуульд 2022 онд өөрчлөлт оруулж, “УИХ нь нэг танхимтай, 126 гишүүнтэй байна…” гэсний дагуу 2024 оны УИХ-ын сонгуулиар анхны 126 гишүүнтэй шинэ парламент байгуулагдаж, хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл баримтлалтай эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хууль тогтоомжийг тодорхой, ойлгомжтой, хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох, эрх зүйн зохицуулалтыг нийгмийн хурдацтай хөгжилд нийцүүлэн цаг алдалгүйгаргахыг үндсэн чиглэлээ болгохоо илэрхийлээд байна