Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн санаачлагаар #Бүтээмжийн_цаг хэлэлцүүлгийг долоо хоног бүр зохион байгуулж байна. Энэ долоо хоногийн Бүтээмжийн цагийг Ногоон оффис сэдвийн хүрээнд зохион байгууллаа
Хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарын бичгийн дарга Э.Баттулга болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, Ногоон ажлын байр-MNS 7002:2023 стандартыг ажлын байранд хэрэгжүүлэх арга зүйн зааврын талаар мэдээлэл солилцлоо.
Энэхүү стандарт нь ногоон ажлын байрны зохион байгуулалт, үүрэг хариуцлагыг бий болгох, ногоон ажлын байрны ерөнхий шалгуурыг тодорхойлох, хэрэгжүүлэлтэд хяналт тавих, үр дүнг тайлагнах, мэдээлэх асуудлыг хамаардаг. Ногоон ажлын байр-MNS 7002:2023 стандартыг байгаль орчны менежментээ сайжруулах, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчны гүйцэтгэлээ дээшлүүлэхээр зорьж буй аливаа байгууллага бүр хэрэглэх боломжтой.
Стандартыг нэвтрүүлснээр тухайн байгууллагын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасаж, ажлын байрны эрчим хүчний хэмнэлт, усны зохистой хэрэглээ, агаарын бохирдлын бууралт, хог хаягдлын зохистой менежмент, бараа материалын ногоон худалдан авалт нэмэгдэж “Ногоон хөгжил-Тогтвортой хөгжил”-д хувь нэмрээ оруулах боломж бүрдэх юм.