Байгаль орчны төлөв байдлыг бодитойгоор үнэлэх, үндэсний онцлогт тохирсон, олон улсын шаардлагад нийцсэн байгаль орчны гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг үндэсний хэмжээнд гаргаж, урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжилтийг үнэлэх хэрэгцээ шаардлагатай холбоотойгоор үндэсний байгаль орчны гүйцэтгэлийн индекс, түүнийг тооцох аргачлалыг боловсруулж байна.
Үндэсний байгаль орчны гүйцэтгэлийн индекс, түүнийг тооцох аргачлалыг боловсруулах ажлыг АДАПТ төслийн санхүүжилтээр Эм Эм Си Жи ХХК гүйцэтгэж байна. Тус ажлын хүрээнд Йель болон Колумбийн их сургуулиас боловсруулсан Байгаль орчны гүйцэтгэлийн индексийн 58 үзүүлэлтийг үндэсний түвшинд нийцүүлэн 39 үзүүлэлтийг тодорхойлж, тооцох аргачлалыг боловсруулаад байна. Аргачлалын төслийг 11 дүгээр сарын 14-ний өдөр БОУАӨ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон газар хэлтсийн шинжээч, ахлах шинжээч нарт танилцуулан, хэлэлцүүллээ.
Үндэсний байгаль орчны гүйцэтгэлийн индексийн аргачлалыг сайжруулж, Үндэсний статистикийн хороо, Эдийн засаг, хөгжлийн яам, аймгийн БОУАӨ-ийн газрууд, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын төлөөллийг оруулсан өргөтгөсөн хурал зохион байгуулж танилцуулахаар боллоо. Түүнчлэн Олон улсын байгаль орчны гүйцэтгэлтэй индекстэй уялдсан үндэсний байгаль орчны гүйцэтгэлийн индекс тооцох аргачлалыг албажуулан баталгаажуулахад анхаарч ажиллах үүрэг чиглэлийг БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга өглөө.