НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн 7 дугаар чуулганы хүрээнд биологийн олон янз байдлын асуудал хариуцсан олон талт гэрээ, конвенцуудын Нарийн бичгийн дарга нарын газраас зохион байгуулсан сайд нарын түвшний “Холбоос нутаг: Экосистем, нүүдэллэдэг зэрлэг амьтдын чухал үүрэг болон тэсвэртэй эх дэлхийн төлөө” зэрэгцээ хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Монгол Улсын бодлого, манлайллыг танилцууллаа.

Б.Батбаатар сайдын зүгээс экологийн холбоос нутгийн доройтол хурдацтай явагдаж буйг онцолж “Нүүдлийн соёл, түүний суурь болсон экологийн уялдааг хамгаалахгүй бол экосистем сулран, зэрлэг амьтдын популяци хорогдож, хүн амын амьдралын чанар доройтно” хэмээн мэдэгдэв.
Тэрбээр үргэлжлүүлэн улс орнуудыг зоримог, шуурхай шийдвэр гаргахыг уриалж, экологийн холбоосын асуудлыг уур амьсгал, биологийн олон янз байдал, тогтвортой хөгжлийн гол тулгуур бодлого болгох шаардлагатайг дурдлаа.
Монгол Улс үндэсний бодлого болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлд манлайлж ажиллахаар бэлтгэлээ хангаад байгаа тухай сайд онцлов:

- Нүүдлийн туруутан амьтан болон бэлчээрийн экосистемийг хамгаалахад чиглэгдсэн Бэлчээрийн Тэргүүлэх санаачилга,
- Сав газрын гидрологийн холбоосыг сэргээх, уялдаатай төлөвлөлт хэрэгжилтэд шилжсэн Усны ба газрын менежментийг уялдуулах санаачилга,
- Хөгжлийг дэмжих дэд бүтцийн төслүүдийг байгаль орчинд ээлтэй төлөвлөх, бүтээн байгуулах, хөрөнгө оруулалтыг ногооруулах замаар газар нутгийн хуваагдал бус холбоосод чиглэх асуудал зэрэг болно.
Түүнчлэн Монгол Улс ирэх онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын /COP17/ бага хурлыг даргалах бөгөөд уг хурлын үр дүнгээр дээрх санаачилгуудыг бодит шийдвэр болгохоор ажиллаж байгааг давхар танилцуулаад ховор амьтдын хамгааллын тухай тэр дундаа бөхөнгийн асуудлыг “Бүс нутгийн тогтвортой популяцын сэргэлт, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалт, нээлттэй хамтын ажиллагаа чухал. Бөхөн бол Монгол-Төв Азийн бүс нутгийн билэг тэмдэг болсон нүүдлийн зүйлийн хувьд хамгаалал нь эмзэг хэвээр” гэдгийг онцлон тэмдэглэв.






