Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба нараар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний дугаар ангид ажиллалаа.

Ажлын хэсгийг Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал болон ангийн захирагч, хурандаа Д.Сүхбат нар угтан авсан юм.
Уулзалтын эхэнд ангийн захирагч, хурандаа Д.Сүхбат ангийн түүхэн замнал, өнөөгийн үйл ажиллагаа болон бэлэн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Үүний дараа ажлын хэсэг ангийн “Эрүүл мэндийн төв”-ийн үйл ажиллагаа болон алба хаагчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут төрөөс батлан хамгаалах салбарт баримталж буй бодлого, цаашдын шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, алба хаагчдын санал хүсэлтийг сонсож, зарим шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр болов.

Тус уулзалт нь орон нутаг дахь цэргийн анги, байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, бодит нөхцөл байдалтай танилцахаас гадна алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэж, нэг алба хаагчид орон сууцны урьдчилгаа бүрдүүлэхэд 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм.





