Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тус яамнаас иргэн, аж ахуйн нэгжид олгодог зөвшөөрлийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүндрэл чирэгдэлгүй болгох зорилтын хүрээнд тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан тусгай ажлын хэсэг байгуулах тушаал гаргалаа.
Ажлын хэсэг нь яамнаас олгож буй нийт 28 нэр төрлийн тусгай болон энгийн зөвшөөрлийн олголтын явцад хийсэн хяналт-шинжилгээний дүн, иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирсэн санал хүсэлтэд үндэслэн зөвшөөрлийн тогтолцоонд хийх цогц шинэчлэлийг тодорхойлох үүрэгтэй юм.

Ажлын хэсгийн өнөөдөр хуралдаж, зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалын жагсаалтыг шинэчилж, холбогдох хууль, журамд шаардлагатай өөрчлөлт оруулах, мэдээллийн санг нэгтгэн e-Mongolia системээр дамжуулан нэг цонхоор хүргэх, иргэн, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийн хүсэлтийг нэгдсэн нэг платформоор хүлээн авч шийдвэрлэх, давхардсан олон шат дамжлага, шаардлагагүй бичиг баримтыг цөөрүүлж, хүндрэл, чирэгдлийг бууруулах чиглэлээр хийх ажлуудын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг үе шаттайгаар хангаж ажиллахаар шийдвэрлэв.
Энэхүү шинэчлэл хэрэгжсэнээр байгаль орчны салбарын зөвшөөрлийн үйлчилгээг олон эх сурвалжаас хайж бүрдүүлэх шаардлагагүй болж, нэг нэгдсэн платформоор авах боломж бүрдэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээ ил тод, нээлттэй, шуурхай болох нөхцөл бүрдэх юм.






