Хулгайн гэмт хэргийн гаралт 2017 онд өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлттэй гарчээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамираас тодруулга авлаа.
-Хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн онд өссөн мэдээ байна. Энэ нь ямар шалтгаантай вэ?
-2017 оны сүүлийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 33579 гэмт хэрэг үйлдэгдсэнээс 12222 нь хулгайн гэмт хэрэг байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 34 хувиар өсөж нийт гэмт хэргийн 38,2 хувийг эзэлж байна. Хулгайн гэмт хэрэг дотроо халаасны хулгай 62 хувь, бусдын өмчөд халдсан болон орон байрны хулгай 32 хувь, малын хулгай 11 хувиар өсчээ. Өнгөрсөн жилүүдийнхээс хулгайн гэмт хэрэг огцом өссөн шалтгаан нь нэгдүгээрт Монголчууд хулгайд эд зүйлсээ алдсаар байгаад дасал болсон үүнд анхаарч сэрэмжлэх байдал дутмаг байгаатай холбоотой. Нөгөөтэйгүүр эрхзүйн шинэчлэлтэй холбоотойгоор тоон үзүүлэлт өссөн хэмээн үзэж байна. Энэ нь эрүүгийн хэргийн 4 хууль шинэчлэгдсэнтэй холбоотой тоо бүртгэл, хэрэг шийдвэрлэлтийн процесс өөрчлөгдсөнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. Тухайлбал 300 мянган төгрөгөөс доош төгрөгний хулгайг гэмт хэрэг биш зөрчил хэмээн бүртгэж шийдвэрлэдэг болсон. Энэ нь хулгайч нарт хуулийн өмнө хариуцлага хүлээхгүй мэт ойлголтыг төрүүлж байгаа юм. Гэвч 2 ба түүнээс дээш удаа энэхүү зөрчлийг гаргасан тохиолдолд 5-12 жилийн ял эдлэхээр зөрчлийн хуулинд заасан байна. Энэ мэт хулгайчдын төөрөгдөл хуулийн өөрчлөлтийг ашиглах гэсэн санаархал хулгайн гэмт хэрэг өсөх шалтгаан болж байна.
-Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх үүднээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
-Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монгол улсын засгийн газар хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор 2 удаа үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Үүний үр дүнд гэмт хэрэг 15 хувиар буурсан. Үүнтэй ижил хулгайтай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгтэй байна. Хоёрдугаарт иргэд олон нийт, төрийн бус байгууллагуудын оролцоо чухал байна. Иргэд хулгайд эд зүйлсээ алдчихаад цагдаад даатгаад орхидог, ганцхан цагдаагийн ажил мэтээр ханддаг нь буруу. Өөрсдөө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эд зүйлсаа хамгаалах үүрэгтэй. Дээрээс нь аж ахуйн нэгж төрийн бус байгууллагуудын оролцоо чухал байна. Тухайлбал хар тамхи мансууруулах бодистой тэмцэх гэмт хэргийн эсрэг үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага иргэд идэвхтэй оролцож үйл ажиллагаа, дуу хоолойгоо нэгтгэдэг. Үүнтэй нэгэн адилаар хулгайн гэмт хэрэгтэй ч мөн адил дуу хоолойгоо нэгтгэж хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй байна . Тэгэхгүй бол хулгайн гэмт хэрэг Монгол улсаас халиад явчихлаа шүү дээ.
-Тухайлбал?
Жишээ татвал эхнэр нь Тэди төв дээр утасны лангуутай нөхөр нь Солонгосоос хулгайн утас оруулж ирж худалдаалдаг байх жишээтэй. Мөн та бүхэн сонсож байсан байх. Зүүн Ази, Франц, Швейцари зэрэг улс орнуудад хулгай хийж амьдардаг Монголчууд олон байдаг тухай. Үүнээс үүдэн Монгол улсын нэр хүнд Монгол хүний нэр унаж байна. Үүнээс болж тэнд очсон Монголчууд хулгайч хэмээн дуудагдаж байна. Энэ мэтээр Монголчууд хулгайч нэрээр дэлхийн улс орнуудад “цоллуулах” дээрээ тулаад байна шүү дээ.