Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Хуримтлалын санд уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 34 хувьд ногдох ногдол ашгийн Хуримтлалын санд төвлөрүүлэн, иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэн бүртгэж, иргэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар зарцуулахаар зохицуулсан.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТҮГ, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-аас Хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашгийг төвлөрүүлсэн.
Энэхүү ногдол ашгийг Монгол Улсын 3,565,966 иргэний Хуримтлалын нэрийн дансанд бүртгэсэн бөгөөд нэг иргэнд 138.9 мянган төгрөгийн бүртгэл хийгдэж, И-Монгол төрийн үйлчилгээний мэдээллийн системээр дамжуулан иргэн бүр Хуримтлалын нэрийн дансны мэдээллээ харах боломжийг бүрдүүлсэн.

2025 оны хувьд Хуримтлалын санд 507.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхээр хуульчилсан ба 2025 оны эхний хагас жилийн байдлаар Хуримтлалын санд 103.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг, 2024 оны хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийн хүүгийн орлого 27.7 тэрбум төгрөг, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны 2, 3 дугаар ээлжийн энгийн хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын нэрийн дансандаа шилжүүлэх хүсэлт гаргасан 4026 иргэдийн 342.6 сая төгрөгийн ногдол ашиг тус тус төвлөрсөн байна.
Засгийн газрын 2025 оны 08 дугаар 27-ны өдрийн хуралдаанаар Хуримтлалын санд 2025 оны эхний хагас жилийн байдлаар төвлөрсөн 103.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг, 2024 оны хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийн хүүгийн орлого 27.7 тэрбум төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд хуваарилан бүртгэхээр шийдвэрлэлээ.
Иргэний хуримтлалын нэрийн дансанд 2024 оны жилийн эцсийн байдлаар 138.9 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдсэн бөгөөд 2025 оны эхний хагас жилийн ногдол ашгийн орлого 28,668 төгрөг, 2024 оны хүүгийн орлого 7,778 төгрөгийг тус тус нэмж бүртгэхэд 2025 оны эхний хагас жилийн байдлаар 36,446 төгрөгөөр нэмэгдэж иргэний хуримтлалын нэрийн данс дахь хуримтлал 175.4 мянган төгрөг болж байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны 2, 3 дугаар ээлжийн энгийн хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын нэрийн дансандаа шилжүүлсэн иргэний хуримтлалын нэрийн дансны эцсийн үлдэгдэл уг орлогоор нэмэгдэн бүртгэгдэх юм.
Иргэд И-Монгол төрийн үйлчилгээний мэдээллийн системээр дамжуулан Хуримтлалын нэрийн дансны мэдээллээ харах боломжтой.