Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо-2024 Үндэсний чуулган Төрийн ордонд үргэлжилж байна.
2023 оны жилийн эцсийн байдлаар 111.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 12.7 мянга нь хүүхэд.
Мөн 15.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт.
Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгох чиглэлд бодлогоо чиглүүлэх, санхүүжилтээ нэмэгдүүлж, бэрхшээлийнх нь онцлогт тохирсон ажлын байрны шинэлэг хэлбэр, үйлчилгээг хөгжүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт нь тохирсон нийгмийн үйлчилгээний ЗУРАГЛАЛ гаргахаар ажиллаж байна. Ингэснээр асуудлаа цогцоор нь харж, эрхзүйн орчноо шинэчлэх юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд онцгой анхаарч 300 хүүхдийн хүчин чадалтай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн газрыг байгуулахад шаардлагатай 24 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусгууллаа.
Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлж, боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа 1100 гаруй хүүхдийг Дэмжих төвийн үйлчилгээнд хамруулна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Монгол Улсын барилга байгууламж, явган хүний зам талбай, тээвэр, мэдээллийн технологи зэрэг салбарын үйлчилгээнүүд хангалттай ХҮРТЭЭМЖГҮЙ.
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сард 375 мянга, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 302,5 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн.
”Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ”-ийг дахин шинэчлэхээр ажиллаж байна.
Эрүүл мэндийн хувьд хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь оношилдог, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа ДУТМАГ байна.
Боловсрол, Шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхдаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн, Боловсролын сайдын уулзалтуудыг зохион байгуулж хэвшсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулахад САЛБАР ДУНДЫН хамтын ажиллагаа хамгийн чухал байна.
Бид хамтдаа илүү хүртээмжтэй, шударга, эв нэгдэлтэй нийгмийг цогцлоож, хөгжлөөс хэнийг ч орхихгүй байхын төлөө зогсолтгүй ажиллах болно.
Өнөөдрийн Үндэсний чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж зөвлөмж гаргана.
Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлэхэд бид бүгд хөгжье, оролцъё!