Монголын их сургуулиудын жишээн дээр энэхүү ном нь АНУ-ын Пэнсильваний их сургуулийн Боловсролын сургуулиас шилдэг диссертацийн шагнал хүртсэн бүтээл юм. Дэлхийн түвшний сургуулиудыг үндэсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чадавхтай, тэргүүлэх байгууллагууд хэмээн олон улсад хүлээн зөвшөөрдөг. Иймд дэлхийн түвшний их сургуулийг байгуулах нь дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнд амжилт гаргахыг зорьж буй аливаа улс үндэстний тэргүүлэх зорилт болж байна. Энэхүү судалгаагаар Монголын төрийн өмчит дээд боловсролын хоёр байгууллагын дэлхийн түвшний их сургууль болох чиглэлээр баримталж буй удирдлагын стратегийг шинжилсний үндсэн дээр шилжилтийн нөхцөлд дэлхийн түвшний их сургуулийг бий болгож тогтвортой хөгжүүлэх нь олон талт удирдлагын арга барилыг шаардсан төвөгтэй үйл явц болох нь тогтоогдсон. Судалгааны үр дүнд дэлхийн түвшний сургуулийг бий болгоход баримтлах манлайллын шинэ загварыг тодорхойлсон бөгөөд Хоршин манлайллын хэмээн нэрлэсэн загвар нь дээд боловсролын байгууллагад дээрээсээ доош, доороос чиглэсэн удирдлагын стратегийг хэрхэн хослуулж олон төрлийн сонирхогч талуудын уялдаа холбоог нэгтгэн ажиллуулах боломжит зарчмуудыг дэвшүүлдэг. Энэхүү судалгаанаас “Шилжилтийн үед буй улс орнуудын хувьд дэлхийн түвшний их сургуулийг байгуулах үр дүнтэй удирдлагын аргазүй нь дээрээс доош болон хамтын удирдлагыг уялдуулсан, шат дараалан хэрэгжүүлэх үйл явц байх ёстой” хэмээн дүгнэжээ.

-Доктор Петр Экл, Пеннсильваний Их Сургуулийн Боловсролын Сургуулийн ахлах судлаач, Глобал Дээд Боловсролын Хөтөлбөрийн Захирал: Энэ судалгааны бүтээл нь шилжилтийн эдийн засагтай орнуудын их сургуулиуд болон тэдгээрийн төр засгаас боловсролын салбартаа хэрхэн шинэчлэлт, өөрчлөлтийг бий болгож болох тухай чухал санаануудыг дэвшүүлж чадсан гэдгээрээ онцлог юм. Энэхүү бүтээл нь түрэн гарч ирж буй дэлхийн чухал бүс нутагт анхаарлаа хандуулж тэдгээр орнуудын их сургуулиуд хэрхэн дэлхийн түвшинд хүрч болох манлайллын зарчмуудыг санал болгосноороо бусдаас онцлогтой болж чаджээ.
Доктор Лорета О Донэль, Назарбаевийн Их Сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал: Энэхүү гайхалтай, цагаа олсон судалгааны бүтээлд доктор Бархүүгийн Отгонбат нь эргэцүүлэмж, кэйс судалгааны аргачлалыг ашиглан орчин цагийн Монголын их сургуулиудын удирдлагын өмнө тулгарч буй асуудал болон боломжуудыг танилцуулж чаджээ. Энэхүү бүтээлээс Монгол улс нь дэлхийн түвшний их сургуулийн дэд бүтцийг бүтээх тэмүүлэлтэй үндэстэн болохыг ойлгох бөгөөд Монголын их сургуулиудын удирдагч нар өөрчлөгдөн буй орчинтойгоо хэрхэн дасан зохицон манлайлж буй тухай доктор Отгонбат нь онол практикийг хослуулан судалж бичжээ. Орчин цагийн Монголын их сургуулийн удирдагчид төрийн ярвигтай бүтэцтэй уялдуулан яамдууд болон бусад оролцогч талуудтай хамтран хоршин ажилласнаар амжилтанд хүрснийг харж болно. Энэхүү динамик орчинд амжилт гаргах манлайлах ур чадвар, оюун санааны загварыг анализ хийж судалсан гэдгээрээ доктор Отгонбатын бүтээл нь эрдэмтэн судлаачид, төрийн бодлого боловсруулагчид, оюутнууд, удирдагч нарт зориулсан чухал судалгааны бүтээл болж чаджээ. Түрэн гарч ирж буй дэлхийн түвшний их сургуулиудын тухай, глобал дээд боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлтийн тухай судлах хүсэлтэй хүмүүсийн заавал унших ном болжээ.
ЗОХИОГЧИЙН ТУХАЙ:
Доктор Бархүүгийн Отгонбат нь шинийг санаачлагч, эрдэмтэн, зохиолч бөгөөд манлайлал, боловсролын чиглэлээр Монгол болон олон улсад уригдан лекц уншдаг нийгмийн зүтгэлтэн юм. Тэрээр Глобал Удирдагч их сургууль болон Шинэ Зууны Удирдагч олон улсын сургуулиудыг үүсгэн байгуулж ерөнхийлөгчөөр ажилладаг. АНУ-ын Дикинсоны улсын их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, Австралийн Кьюнсландын их сургуулийг ахисан түвшний дипломын зэрэгтэй, Харвардын их сургуулийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй, Пэннсильваний их сургуулийг боловсролын ухааны докторын зэрэгтэй тус тус дүүргэжээ.
