1981 онд Шинжлэх Ухааны Академид найман хүнтэй сансар судлалын тасаг байгуулагдсан. Энэ тасаг үндсэндээ Ж.Гүррагчаа баатрын сансарт нисэх үед хийх 32 туршилтын хөтөлбөрийг боловсруулсан түүхтэй юм. Энэ хугацаанд сансрын физик, зайнаас тандан судлах, биологи, анагаах ухааны туршилтуудыг хийсэн.
Сансрын биологи анагаах ухааны чиглэлээр хамгийн олон туршилтууд хийгдсэн. Биологи анагаах ухааны 11 туршилтын нэг бол чацаргана туршилт. Чацаргана туршилтаар бид нар сансрын нислэгийн үед сансарт нисэж байгаа хүний биед үүсдэг сөрөг үр дагаврыг хоол хүнс ашиглаж өөрөөр хэлбэл Монголын чацарганын тосыг ашиглаад сөрөг үр дагаврыг бууруулах зорилт тавьсан. Туршилтыг өөрийн бие дээр Ж.Гүррагчаа хийгээд ирсэн, үр дүн сайн гарсан. Хүний биед үүсдэг маш хортой чөлөөт радикал гэдэг нэртэй бодисын хэмжээг 2,5 дахин бууруулсан. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Монгол хүн сансарт нисвэл сансрын хоолонд ороод явах бүрэн эрхтэй болчихсон сансрын хоолны цэсэд бүртгэгдчихсэн сансрын тансаг хүнс юм.





