Эх сурвалж: Purevkhuu Bathuyag
“Аливааг бүрэн төгс суралцах боломжгүй мэт санагдах. Хэрэв боломжийн “түвшинд” суралцъя гэвэл цаг хугацаа л чухал” гэдэг үгийг анх түүний амнаас сонсоод ямар утга учиртай хэлсэн үг болохыг хэсэг бодож билээ. Тэгээд л өөрийнхөөрөө тайлж ойлгосон минь энэ. Чухамдаа уран зохиолд төгс суралцах боломжгүй. Товчхондоо уран зохиолд төгс хязгаар байхгүй. Харин хүрч болох боломжийн түвшин гэж буй. Одоо манай олон зохиолчид энэхүү мөн чанарыг ойлгоогүй оюун санааны туйлын “нялх” үедээ явсаар байна. Тиймээс унаж яваагаа нисэж явна хэмээн андуураад энд тэнд сул сувсан зохиолуудаараа “гайхуулах” үзүүлбэр үзүүлэх нь юутай эмгэнэлтэй харагдана гээч.
Зохиолч үнэндээ жүжгийн зохиолд тодорхой түвшинд хүрэх гэж багагүй цаг хугацаа зарцуулжээ. “Жүжигт мэдээж харилцан яриа чухал. Гэвч түүний учрыг ойлгоход цаг хугацаа хэрэгтэй. Зүгээр л хоёр хүнийг хооронд нь яриулаад байж хэн ч чадна. Гол нь тэр л ярианд ухаанаа хэрхэн шингээх вэ? гэдэгт л хамаг учир байгаа юм. Тэгж чадсан цагт жүжиг бичиж болно” гэсэн юм. “Намдаг багшаас миний жүжгийн зохиол бичих талаар ойлгосон бүхэн дараа нь Горькийн сургуульд Розов багшаас ухаарсан хоёр олон талаар давхцаж байсан ч тэр хоёрын гол ялгаа бол Намдаг багш өөрийн үзэж туулснаас жишээ татаж тайлбарлана.
Харин Розов багш дэлхийн сонгодогуудаас жишээ татаж тайлбарлана. Энэ хоёрын уулзвар намайг өөрийн жүжгээ бичихэд хүч хавсарсан юм даа” гэж билээ. Мөн нэгэн удаагийн уулзалт ярианы үеэр “ Жүжигчний амнаас чиний зохиол хэрхэн уншигдаж байгааг сонсох л хамгийн чухал. Тиймээс жүжгийн ширээний уншлага, тайзны бэлтгэл дээр очоод ард нь сууж бай. Тэндээс их зүйл мэдэж болно. Тэр их том сургууль” гэж билээ.
“Мөнх тэнгэрийн хүчин дор”-ыг минь хүмүүс янз янзаар л хэлсэн. Гэхдээ бид бол өөр зүйл бодож бичсэн юм. Бид аль болох Монголын Нууц Товчоо”-ноос “зугатах”-ыг хичээсэн. Товчхондоо бидэнд байгаа хамгийн гол эх сурвалж “Нууц товчоо” мөн боловч түүнийг хэт баримтлах нь бидний бичсэн зохиолын уран сайханг бүрхэгдүүлэх талтай байсан юм.
Тиймээс чөлөөтэй урваж, уран сайхны олон шийдлүүдийг зохиолд өөрийн дураар шигтгэж чадсан. Гэхдээ түүхэн үнэнээс нэг ч хазайгаагүй” гэж билээ. Тийм, ээ. Уран бүтээлийн зарчим, үзэл хандлагаа тодорхойлж, Чингис хааны талаар бүтээсэн өмнөх кинонуудаас өөр дүр бүтээх зорилго нь “Мөнх тэнгэрийн хүчин дор”/1992/ киноноос тодорхой харагдана. Чингис хаан ба Чилүгэн хоёрын шугамаас ялагдал, ялан дийлэхийн тэмцэл хайх нь угаас утгагүй.
Тэр хоёр дүр бол эсрэг тэсрэг бус харин нэг хүний хоёр тал юм. Нэг үгээр Чилүгэн бол Чингис хаан. Чингис хаан бол Чилүгэн юм. Энэ нь зохиолчийн хэлснээр ”уран сайхны чөлөөт урвалт” болж таарна.
“Ер нь жүжиг уншихгүйгээр жүжгийн зохиол бичнэ гэж хүү минь мөрөөдөөд ч хэрэггүй. Генрих Ибсен, Б.Брехт хоёроос би мөн ч их зүйл ойлгосон доо. Тиймээс бичээд л уншаад л бай…”
Энэ л ярианы үргэлжлэл түүний бичсэн “Шувуу бүхэн жаргалтай” жүжиг. “Шувуу бүхэн жаргалтай” жүжгийн Оюун өөрийгөө хайх замд гарна.
Магадгүй Г.Ибсений “Нора” жүжгийн Нора, Д.Батбаярын “Шувуу бүхэн жаргалтай” жүжгийн Оюун хоёрт ижил төстэй чанар байгаа юм. Бүгдийг бусдын хэлснээр хүлээн авах нь зөв үү, эсвэл өөрийн бодол чухал уу? Эцэст нь нэг ижил шийдвэрт хүрнэ. Нэг ижил сонголт хийнэ. Тэр нь “өөрийн хүсэл зоргоороо амьдрах”, бас тийм боломж хүнд байдаг тухай эргэцүүлэл дээрх хоёр жүжгийн адил төстэй шинж, үзэл санааны нэгдмэл байдал тодорхойлж байна. Олон талаараа илүү дэвшилттэй санагдах ч Оюуны дүр эсрэгцэх шинжээрээ амьдралд ”арга мухардсан” байдалтай. Гэлээ ч амьдралын үнэ цэнийг ухаарч, хайр-амьдрал, зовлон бэрхшээл ба аз жаргалын учрыг таньж чадна. Нэг талдаа Оюуны дүрийн “эргэлзээ” жүжгийн жинхэнэ утгыг илэрхийлж, энэхүү “хоёрдмол” мэт байдлаар дамжуулан Оюуныг тойрсон бусад дүрүүдийг ч зохиолч илүү “тодотгож” чадсан байна. “Шувуу бүхэн жаргалтай” байх ёстой ч хэзээ ч амьдралд ”Шувуу бүхэн жаргалтай” байж чаддаггүй гэсэн “санааг” дэвшүүлж, бүлэг үзэгдлийн хоорондын холбоос, нөхцөлдөн шалтгаалах зүй тогтлыг нарийн урлажээ.
Тэгвэл “Хайрыг хайрла” жүжгийн Туулын хувьд “хамаг зүйл өөрөөс” нь шалтгаалж байна. Гэвч “бүх зүйл” бас өөрөөс нь огт шалтгаалахгүй өрнөөд дуусна. Зохиолч Д.Батбаярын ур чадварын нууц энд л оршдог. Учир шалтгаан нь үр хүүхэд гаргадаггүй Туул, энэ байдлаасаа болж нөхрөө алдах вий гэсэн сэтгэлийн дарамтанд унана. Зохиолын хэсэгт:
ТУУЛ:- Шунахай харамч хүн шиг авах тусмаа цаашилж, өгөхөө мартсан. Сүүлдээ би ямар муухай болсон гэж санана. Хүнд туслахад нь хүртэл би дургүйцэж харддаг болсон хэмээн өгүүлж байна. “Хүнд туслахад нь хүртэл би дургүйцэж харддаг…” гэсэн үгүүлбэрээр зохиолч Туул бүсгүйн дүрийн өөрөөс нь шалтгаалахгүй бүх зүйл өрнөөд байгаа мэт санагдах сэтгэлзүйг илэрхийлжээ. Туулын өөртөө “бэлэглэсэн” сэтгэлийн дарамт нь эцэстээ “өвчин “ болж даамжирчээ. Эдгэхэд бэрх “хардалт” хэмээх хий хар хорын өвчин туссан байна. Арга барагдсан эр нөхөр нь амиа хорлодог. Амиа хорлох гэснээс зохиолч Д.Батбаярын “үхлийн” шалтгааныг хамгийн “хөнгөнөөр” шийдсэн байж болох жүжиг бол “Хайрыг хайрла” юм. Яагаад Амаржаргал тийм гэнэн шалтгаанаар амиа хорлох болов. Тэр үед 46 настай байсан зохиолч /Д.Батбаяр/ юуны учир тийм хялбараар зөрчлийг сонгосон нь эрхгүй сонирхол татдаг. Учир нь зохиолчийн бусад бүтээлүүд дэх ”үхэл” илүү гүн гүнзгий шалтгаантай байдаг. Үхлийн учир шалтгааныг илэрхийлэхдээ зохиолч сонин шийдэлд хүрдэг. Тухайлбал, “Үхэл иний-өмч” жүжигт:
НАЙРУУЛАГЧ:- Зөв. Юу боллоо гэж үхэх юм.
ЦЭЦГЭЭ:- Үхэхэд чинь шалтагсаад байх юм юу байгаа юм бэ. Ганц л үг байхад бодлоо шүү дээ.
НАЙРУУЛАГЧ:- Урьд бол тийм байсан байж болно. Одоо бол өчүүхэн ганц үгийн төлөө үхдэг цаг биш гэсэн хэсэг бий. Зохиолч сүүлчийн үгүүлбэрээр бидний эргэлзээг бүрэн тайлж байна. “Одоо бол өчүүхэн ганц үгийн төлөө үхдэг цаг биш” гэснээр “Хайрыг хайрла” жүжгийн үхэл “гэнэн” шийдэл байснаа зөвшөөрч харин ”Үхэл миний- өмч” жүжигтээ илүү гүнзгийрлээ бас харуулжээ. Тэгээд ч зохиолчийн хүний амьдрал, үхлийн талаар бодол сэтгэлгээ харьцангуй өвөрмөц. “ Хүн бол диваажингаас заларсан бурхан биш, тамаас оргосон оргодол. Тийм учраас эрлэгийн элчдээ баригдаж буцдаг” хэмээжээ. Энэ санаа түүний жүжгүүдэд эхэндээ “хайр сэтгэл-үхэл”, хожим” оршихуй-үхэл” болж хувирсан ажээ.
Бид чухамдаа “Хайрыг хайрла” жүжгийн нэгэн чухал “өнцөг”-ийг ор тас орхигдуулна гэсэн үг. Тэр “өнцөг” юу вэ? Аливаа бүхний хэм хэмжээний тухай үзэл санаа. Хайр ч хэм хэмжээндээ утга төгөлдөр. Хайрыг хайрлах ч бас хэм хэмжээ. Гэтэл бид тэр хэм хэмжээг “зөрчсөнөөс”, хардахын хэм хэмжээг “зөрчсөнөөс” эмгэнэлт байдалд хүрч байна. Хайрыг судлаачийн тодорхойлсноор “хүндлэн” хайрлах биш. Хайрын хэм хэмжээнд хайрлах хэмээх гүн ухааны суурь ойлголт урган гарч буйг анзаарна уу? Хайр үнэхээр хүний сэтгэлийн эрхэм дээд зүйл мөн. “Шувуу бүхэн жаргалтай” жүжгийн Оюунд хайр сэтгэл ухаарал дагуулдаг бол “Хайрыг хайрла” жүжгийн Туулд үхэл дагуулна. Тэгэхээр “хайр” тодорхойлоход төвөгтэй хүний сэтгэлийн “чанар” болохыг зохиолч харуулсан байна.
Харин “Үхэл миний өмч” жүжиг бол зохиолчийн илүү цараатай сэтгэлгээний илрэл юм. Хүн бүхэн “хайрыг” өмчлөх санаархалаасаа болж, юуг өмчлөх, юуг өмчлөх “эрхгүй” –гээ мартсан байдаг. Үхлийг өмчлөх хүсэл зөвхөн үхлээс айх айдсаас төрж байгаа учраас “хүсээгүй хүсэл” гэж тодорхойлоход хүргэнэ. Зохиолч Д. Батбаярын “шинэчлэгч” чанар нь тэр л сэтгэлгээний чөлөөт байдлаар хэмжигдэнэ. Өмч гэдэг ойлголт эд материалын хүрээ хэмжээгээр хязгаарлагдах болсон энэ цагт амьдрал-өмч, хайр сэтгэл- өмч, үзэн ядалт- өмч, өвдөх- өмч, үхэл ч өмч гэсэн тогтолцоог жүжигт илэрхийлжээ. Тэгвэл “Мартагдсан аялгуу” жүжигт ч ялгаагүй. Хайр-мартагдсан аялгуу, сэтгэл зүрх- мартагдсан аялгуу болж хувирсан хүмүүсийн ёс суртахууны пародокс, “ЦӨХРӨЛ” хэмээх том ойлголтоор дамжин илэрнэ. Зохиолын доторх цөхрөл Яринпил өвгөний дүрээс тод харагдана. Ирээдүй хойчдоо эргэлзэх ”айдас” настай хүмүүст төрдөг байж болохыг үгүйсгэхгүй. Амьдралд ч тийм хандлага цөөнгүй үзэгддэг. Яринпил өвгөнд олон шинжээрээ орчин цагийн “сонгодог” хэлбэрийн бэртэгчин болж буй хүүгээ хараад тийм айдас бүр чиг ихээр төрөх нь тодорхой байна. Үндсэндээ “ХҮН ЧАНАР- МАРТАГДСАН АЯЛГУУ” юм.
Нийгмийн тогтолцооны бичил хэсэг “гэр бүл” жүжгийн зохиолын суурь болдог. Дэлхийн театрын түүхэнд ч “гэр бүл”-ийн зөрчлөөс үүдсэн жүжиг тодорхой хувийг эзэлнэ. Жижиг сэдэв гэж зарим судлаачид тодорхойлсон байна. Харамсалтай нь “жижиг сэдэв” гэж үзсэн нь судлаачдын уран зохиолыг ойлгох хэмжүүр, үзэх үзэлтэй холбоотой болохоос уран зохиолд том жижиг сэдэв гэж байхгүйг хэлэх нь бараг л илүүц юм. Гэхдээ хэлэхээс өөр аргагүй.
ТЭГВЭЛ ТЭР ЖИЖГЭЭР ТОМЫГ ЦОХИЖ, ЖИЖГЭЭР ТОМЫГ БҮТЭЭЖ ЧАДЖЭЭ. Харин та…