Нүүр хуудасМэдээЗГХХГ: “Загвар байгууллагын төсөл” хэрэгжиж байна

ЗГХХГ: “Загвар байгууллагын төсөл” хэрэгжиж байна

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, процессын дахин инженерчлэл хийх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Бүтээмжийн Төвтэй хамтран “Төрийн байгууллагын төгөлдөршил, загвар байгууллагын төсөл”-ийг 2025 оны 4 дүгээр сарын 7-ноос хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Төслийн зөвлөхөөр Канад улсын мэргэжилтэн Гай Гордон ажиллаж байна.

Өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тус төслийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, төслийн явц, хэрэгжилт, бүтээмжийн арга хэрэгслийн үр дүнг хэлэлцэн, байгууллага бүрийн онцлогт тохирсон стратеги, замын зураглал боловсруулах талаар зөвлөлдлөө.

Төслийн хүрээнд байгууллагууд үйл ажиллагааны үр ашгийг бууруулж буй шалтгааныг судалгаа, өгөгдөлд тулгуурлан тодорхойлж, зорилтот түвшин болон гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүдийг тогтоож байна. Ингэснээр байгууллагын үйлчилгээ төгөлдөржин, иргэд болон албан хаагчдын сэтгэл ханамж нэмэгдэх боломж бүрдэнэ.

Дараах загвар байгууллагуудад богино хугацааны төслүүдийг хэрэгжүүлж байна:

  • Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар – Ажилчдын болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайжруулах
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг – Өвчний түүх нээх үйл ажиллагааг сайжруулах
  • Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар – Өгөгдөлд суурилсан үйл ажиллагаагаар иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар – ААН-ийн эргэн тойрны 50 метрийн талбайг сайн дурын үндсэн дээр цэвэрлэх

Төслийн үр дүнг 2025 оны 12 дугаар сард болох хаалтын арга хэмжээнд танилцуулж, байгууллагууд Азийн Бүтээмжийн Байгууллагаас “Азийн загвар байгууллага”-ын гэрчилгээ гардан авах юм. Энэ нь байгууллагуудын мэдлэг, сайн туршлагыг дотооддоо болон олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлэх чухал алхам болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН