Нүүр хуудасМэдээ"Ирэх жил дахин ₮318 тэрбумаар 457 автобус авч, нийтийн тээврийн удирдлага менежментийн...

“Ирэх жил дахин ₮318 тэрбумаар 457 автобус авч, нийтийн тээврийн удирдлага менежментийн тогтолцоонд өөрчлөлт оруулна’

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр түгжрэлийг бууруулах ерөнхий аргачлал нь нийтийн тээврийг дэмжиж, сонголттой болгочхоод түүнийхээ хүрээнд дэд бүтцийг сайжруулах гэдгийг онцлов.

“Ирэх жил парк шинэчлэлт дуусаж, нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт гарна”

Мөн “2009 онд буюу С.Баярын Засгийн газрын үед 400 автобусаар том парк шинэчлэл хийснээс хойш 13 жил болсон байна. Одоо нийт автобусны 75 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай болсон бөгөөд он гараад 576 автобус ашиглалтаас гарах зэрэг хүндрэл үүссэн байна.

Нийслэлд хоногт 2.8 сая зорчилт хөдөлгөөн хийгдэж байгаагийн 1.8 сая нь хувийн машинаар зорчиж байгаа бол 685 мянга нь автобусаар, 300 мянга гаруй нь явганаар зорчиж байна. Түгжрэлийг бууруулах үндэсний хороо хувийн автомашинаар зорчиж байгаа хөдөлгөөнийг 1.5 сая болгож бууруулах, автобусны зорчилтыг 1 сая болгож нэмэгдүүлэх, 300 мянган явган зорчигчийн зорчилтыг 64 хувиар нэмэгдүүлэхийг зорьж байгаа.

Нийслэлээс хэрэгжүүлж буй нийтийн тээврийн паркийг шинэчлэхээр 594 автобус оруулж ирэх ажил нь дуусаагүй, үргэлжилж байгаа. Харин Засгийн газар дараагийн ээлжийн парк шинэчлэлийг гүйцээх ажил дээр том хэмжээний буюу 318 тэрбум төгрөгөөр 457 автобус авахаар төсөвлөсөн. Ингэснээр ирэх жил гэхэд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг бүрэн хийж дуусна.

Нийтдээ 124 чиглэлд 1,432 автобус хэрэгтэй гэх тооцоо бий. Үүний 1,100-г нь улс, нийслэлийн төсвөөс гаргах бодлого явуулаад 300-г нь хувийн хэвшлээр шийдүүлэхээр төлөвлөж байна. Шинэ автобусыг 2024 он хүртэл орж ирэхэд гааль болон НӨАТ-аас чөлөөлөх нь хувийн хэвшилд ч хамаарна.

Энэ бүхний үр дүнд ирэх жил гэхэд парк шинэчлэлт дуусаж, нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт гарна.

Түүнээс гадна бүтэц зохион байгуулалт, менежмент муу байгаа асуудал хөндөгддөг. Нэгэнт эдийн засгийн ийм хэцүү нөхцөлд төр хөрөнгө гаргаж байж зүгээр л автобус оруулж ирээд орхиж болохгүй. Иймд нийтийн тээвэртэй холбоотой удирдлага менежментийн тогтолцоонд нь өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН