Манай орны модод яагаад доод хэсгээрээ өргөн, трапец хэлбэртэй байдаг вэ? Энэ нь үндэстэй холбоотой. Зарим орны ойн мод эгц шулуун, зарим нь хэт мушгирсан гээд олон янз. Эгц шулууны хувьд тухайн бүс нутгийн хөрс зөөлөн, чийг ихтэй, зузаан байдагтай холбоотой. Харин Монгол орны хөрс доороо маш том уулын чулуулгууд дээр тогтдог учраас нимгэн. Тиймээс ойн үндэс эгц доошоо гүнд биш тархаж ургадаг онцлогтой. Үүнээс дооших чулуун давхаргыг үндэс нэвчиж ургаж чаддаггүй. Энэ нь мод доогуураа өргөсөхөд нөлөөлдөг ажээ. Ийм тогтоцын хамгийн аюултай нь юу гээч? Уур амьсгал дулаарсаар цэвдэг хайлж, хөрс хуурайшихад 80 см гүнд үндэстэй байгаа бүх мод булгарч унана гэсэн үг юм
Үндэс бол ойн хамгийн нууцлаг ертөнц. Газар доорх агуу ертөнцийн нууцыг тайлах оролдлого дэлхий дахинаа бүр 1930-аад оноос эхтэй. Ой судлаачид модны үндсийг хөрш айлтай зүйрлэсэн нь ч бий. Заримдаа хөршөөсөө юм гуйх хэрэг гардагдаа. Модны үндэс хоорондоо яг л ингэж харилцдагийг эрдэмтэд тогтоожээ. Зарим нөхцөлд үндэс хоорондоо шим тэжээлээ солилцдог байна. Бүр алс холоос хүртэл газар доор аалзны тор мэт тархан байрласан хөгцний бактерийн тусламжтайгаар шим тэжээл бие биенээсээ “зээлж, өр тавьдаг” талаар АНУ-ын ойн экологич Налини Надкарни дүгнэн бичжээ.





