НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Хэрэгжилтийг хянах хорооны 23 дугаар хурлын (CRIC 23) 5 дугаар нэгдсэн хуралдааны нэгэн зочин, Монголын малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл Б.Орхон байлаа. Өвөрхангай аймгийн Хужирт сумын малчин Б.Орхон нүүдлийн мал аж ахуйд цөлжилт, усны хомсдол, бэлчээрийн доройтол амьдралд нь хэрхэн тусаж, ямар бэрхшээл, хүндрэл үүсэж байгаа талаар “Тогтвортой газрын менежментийн төлөө уугуул эмэгтэйчүүдийн манлайлал ба дэлхийг үзэх үзэл” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр ярьж, монгол малчдын дуу хоолойг талуудад хүргэлээ.
Хүн төрөлхтний усны хэрэглээний өсөлтийн хурдыг байгалийн нөхөн сэргэх чадвар дийлэхгүй сөхөрч байна. Дэлхийн уур амьсгал улам бүр хувьсан өөрчлөгдөж, үйлдвэрлэл, хотжилт хөгжиж тэлэхийн хэрээр экологийн тэнцвэрт байдал алдагдсаар байгаа. Төв Азийн хувьд хамгийн томд тоооцогдох экологийн доройтол Монгол оронд бодитоор үүссэн бөгөөд нийт газар нутгийн 76 хувь нь цөлжилтөд өртсөнөөр усны хомсдолд орж эхэлсэн. Хамгийн гол нь цөлжилтийн сүүдэр, газрын доройтол, усны хомсдолын хамгийн эхний бөгөөд хамгийн том хохирогч нь манай малчид байдаг юм.
Панам улсад болж байгаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Хэрэгжилтийг хянах хорооны 23 дугаар хурал 12 дугаар сарын 01-ний өдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр сүүлийн хуралдаан болж байна





