Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан бодлогын хороодын нэг болох Боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооны хоёр дахь нэгдсэн хурал өчигдөр болжээ.
Тус бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Нарийн бичгийн даргаар С.Өлзийжаргал нар ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүд, боловсрол, шинжлэх ухааны салбарын удирдах албаны хүмүүс, мэргэжилтнүүд, судлаач, эрдэмтэд болон намын дэргэдэх ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны холбооны төлөөлөл багтсан.
Бодлогын хороо нь анхны хурлаараа цаашид ажиллах хүний нөөц, чиглэл, зарчим, ажиллах хүрээ зэргээ тодорхойлж гишүүдээ таван дэд хэсэгт хуваарилан салбарынхаа асуудал, шийдэл, санал дүгнэлт, намын мөрийн хөтөлбөртэй холбоотой зүйл заалт зэргийг хэлэлцсэн юм.
Тухайлбал, боловсролын салбарын дэд хороо нь Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудад тулгамдаж буй асуудал, багш нарын хүртээмжийг хэрхэн шийдэх, шинжлэх ухааны дэд хороо нь энэ салбарын хүрээлэнд очиж танилцах, удирдлагуудтай нь ярилцаж, санал хүсэлтийг нь сонсох, судалгаа хийх зэргээр ажиллажээ.
Дээрх бүх асуудлаа нэгдсэн хуралдаанд танилцуулсан бөгөөд дараагийн нэг сарын хугацаанд дэд хороод үргэлжлүүлэн ажиллаад дахин нэгдсэн байдлаар санал дүгнэлтээ ярилцахаар төлөвлөв.
Засгийн газраас 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан тул энэхүү бодлогын хорооны ажлыг шуурхай, цэгцтэй, хариуцлагатай, намын мөрийн хөтөлбөртэй уялдсан, бодитой биелэх боломжтой, үр дүнтэй чиглэл гаргах шаардлагатай гэж үзэж байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах онцолж байв.
Тэрбээр “Манай бодлогын хорооны ажлын зорилго нь намын дараагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт боловсрол, шинжлэх ухааны салбарт барих бодлогыг хэнд ч ойлгомжтой байдлаар томьёолж гаргах юм” гэж тодорхойлов.





